Л.Энх-Амгалан: ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулдаг болохоор төлөвлөж байна

Л.Энх-Амгалан: ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулдаг болохоор төлөвлөж байна

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт болон 12 дугаар ангийнханд танхимын давтлага өгөх болсон талаар мэдээлж байна.

Мэдээллийн эхэнд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Цар тахлын нөхцөл байдлын улмаас боловсролын салбарт хичээлийн хоцрогдол үүссэн нь томоохон сорилт, хүндрэл болж байна. 2020 онд хичээлийн жилийн 60 орчим хувьд танхимд хичээллэсэн бол энэ хичээлийн жилд 40 орчим хувьд л танхимд хичээллэсэн. Улаанбаатар хотын сурагчид хичээлийнхээ 70 орчим хувийг зайнаас судлаад байгаа. Үүнээс шалтгаалж хичээлийн хоцрогдол үүссэн тул анги дэвших болон улсын шалгалтыг авахгүй байхаар Засгийн газар шийдвэрлэсэн.

Мөн 12 дугаар ангийн сурагчдад тавдугаар сарын 17-ноос эхлэн нэг сарын хугацаанд ЭЕШ-д бэлдэх танхимын давтлага өгөхөөр болсон ба Монгол хэл, бичгийн шалгалт авахгүй.

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 40,420 төгсөгч бүртгүүлсэн байна. Энэ онд ЕБС төгсөж буй нийт төгсөгчийн 79 хувь буюу 31,782 ЭЕШ өгнө. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8,638 хүн бий. Цаашид элсэлтийн ерөнхий шалгалтыг хоёр удаа зохион байгуулдаг тогтолцоонд шилжихээр төлөвлөж байна” гэлээ.