ЭМНЕСТИ ИНТЕРНЭШЛ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөгчөө нухчин дарах бодлогын дор явагдаж байна

ЭМНЕСТИ ИНТЕРНЭШЛ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөгчөө нухчин дарах бодлогын дор явагдаж байна

Хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эмнести Интернэшнл”-ийн албан ёсны вэб сайтад “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөгчөө нухчин дарах бодлогын дор явагдаж байна” гэсэн гарчигтэй нийтлэл гарсныг орчуулан хүргэж байна.

2021 оны 6 дугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль нь "үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь эрс хязгаарлагдмал байдаг ялангуяа Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг хүмүүс"-ийн хувьд түгшүүртэй нөхцөл байдалд явагдах гэж байна. Засгийн газарт шүүмжлэлтэй ханддаг хүмүүсийг хэлмэгдүүлсээр 2021 оны 6 дугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болон дараа илүү их баривчилгаа, цагдан хорих арга хэмжээ авч магадгүй гэж “Эмнести Интернэшнл” болгоомжилж байгаа юм. Өнгөрсөн жил буюу 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болсон үндэсний парламентын сонгуулийн өмнө засгийн газарт шүүмжлэлтэй хандсан хэд хэдэн хүнийг дур мэдэн баривчилсан.

Тэдгээрийн дунд хүний эрх, авилга зэрэг асуудлаар эрх баригчдыг шүүмжилж байсан өөр, өөр намын нэр хүндтэй улс төрчид, хуульчид, төрийн бус байгууллагуудын удирдагчид багтаж байв.

Тухайлбал, Ерөнхий сайд асан М.Энхсайхан зэрэг улс төрийн зүтгэлтнүүдийг ч мөн саатуулсан байна. Эрх баригчид улс төрчдаас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Шадар сайд асан Да.Ганболд, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр нарын зургаан нэр дэвшигчийг саатуулсан. Сонгуулийн дараа тэднийг шүүх эрх мэдлээ хэтрүүлсэн гэм буруутайд тооцож, 4-6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэв.

Ж.Эрдэнэбат нь Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа буюу 2016-2017 оны хооронд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох замаар тодорхой компаниудад хэт их давуу байдал олгосон гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан. Н.Номтойбаяр нь хөдөө орон нутгийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 20 гаруй бизнес эрхлэгчдэд, мөн 2016-2017 оны хооронд хүүгүй зээлээр дамжуулан хууль бусаар "давуу эрх олгосон" хэргээр яллагдагчаар татагдав. Баривчлагдаж, саатуулагдсан хүмүүсийн ихэнхтэй нь зүй бус харьцаж, тэр дундаа шүүхэд шилжүүлэлгүйгээр хэдэн долоо хоног саатуулсан юм.

Н.Номтойбаярын дүү Н.Цэлмүүний хэлснээр “ахыг нь дөрвөн долоо хоног ганцаарчилж цагдан хорьсон. 2020 оны зургадугаар сарын 26-нд анхны шүүх хурал болохоос өмнө өмгөөлөгчтэй нь холбоо барихыг хориглосон” аж. Ж.Эрдэнэбатын хувьд шүүх урьд өмнө нь хэзээ ч байгаагүй их хэмжээний буюу 10 тэрбум  төгрөгийн (ойролцоогоор 3,5 сая доллар) барьцаа өгөхийг хүсжээ. Энэ нь төрийн албан хаагч байх үеийн жилийн орлогоос бараг 100 дахин их юм.

Хуульд зааснаар Монгол Улсад барьцааны ердийн дээд хэмжээ нь 40,000- 80,000 ам.доллартай тэнцэх хэмжээний байдаг.

Эдгээр хүмүүсийн анхан шатны шүүх хуралдааны хянан шийдвэрлэх явц 10 хоногоос бага хугацаанд үргэлжилсэн бөгөөд зохих журмын дагуу явагдаагүй гэж хуульчид болон тэдний ар гэрийнхэн мэдэгдсэн. Мөн шүүх хурал хаалттай явагдсан юм. Үүнийг COVID-19-ийн урьдчилан сэргийлэлэх зорилготой гэж тайлбарлаж байв. Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарын өмгөөлөгчид шүүх хуралд бэлтгэл хийх хугацаа маш бага байсан учир хойшлуулахыг хүссэн. Гэвч хэргийг хэлэлцэж буй дүүргийн шүүх татгалзсан хариу өгчээ.

Да.Ганболдын өмгөөлөгч 2020 оны зургадугаар сарын 27-ны өдөр “Эмнести Интернэшнлтэй” анх холбоо барьж, парламентын сонгуулиас зургаа хоногийн өмнө түүнийг саатуулсан тухай мэдээлсэн юм.

Түүнд 2020 оны 7 дугаар сарын 17-нд дөрвөн жилийн хорих ял оноосон. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дээд шүүхэд давж заалдах гомдол гаргасан боловч тов нь гараагүй байна. Өмнө нь хууль тогтоомжид оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ерөнхий шүүгч, прокурорын газрын дарга, авлигатай тэмцэх газрын дарга нарыг огцруулах эрх мэдлийг олгосон нь Монгол Улсын шүүхийн хараат бус байдал, эрх мэдлийн хуваарилалтад заналхийлж байв. Уг зөвлөлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга багтдаг.

2019 оны энэхүү нэмэлт өөрчлөлтийн дараа 17 шүүгч, ерөнхий шүүгчийг огцруулсан. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч УИХ-ын сонгууль болохоос мөн нэг сарын өмнө буюу 2020 оны тавдугаар сарын 20-нд солигдсон.

“Эмнести Интернэшнл”-ээс энэ талаар ярилцлага авсан хүмүүсийн хэлж буйгаар Ерөнхий шүүгдээс холбогдох дүүргийн шүүгчдэд дарамт шахалт үзүүлсэн байж болзошгүй юм.

2021 оны 6 дугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль нь 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш болох анхны сонгууль юм. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрвөн жилээс зургаан жилээр нэмэгдүүлж, дахин сонгогдох боломжгүй болгосон. Одоогийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга намаасаа нэр дэвшсэн тохиолдолд одоо зургаан жилийн хугацаатай хоёр дахь удаагаа улиран сонгогдох эсэх талаар маргаан гарсан.  Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн цэц үүнийг 4 дугаар сарын 16-ны өдөр үгүйсгэж, УИХ цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөв.

2021 оны 3 дугаар сард  хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ерөнхий шүүгчдийг огцруулах бүрэн эрхээ алдахад хүрсэн нь нэгэн эерэг дэвшил болсон.

Дээд шүүх өмнөх шүүхүүдийн гаргасан шийдвэрийг өнгөрсөн нэгдүгээр сард хүчингүй болгосны дараа мөн сард Ж.Эрдэнэбат суллагдсан. Тэрбээр хоригдож байх хугацаандаа буюу 2020 оны зургадугаар сарын сонгуулиар парламентад суудал авч байсан. Харин Н.Номтойбаяр 2021 оны дөрөвдүгээр сарын 1-нд суллагдсан. Гэвч тэр 2020 оны сонгуулиар парламентад суудал авч чадаагүй.

Одоо Д.Ганболд, М.Энхсайхан нарын хэд хэдэн улстөрчийг торны цаана суулгасаар байна. Тэд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрүүгийн гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдоогүй бол шүүхийн журмаар чөлөөлөгдөх ёстой. “Эмнести Интернэшнл” нь улс төрийн албан тушаал хөөцөлдөж байгаа эсэхээс үл хамааран аливаа этгээд улс төрийн хүрээний болон олон нийтийн байгууллагатай холбоотой асуудлаар олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх эрхтэй байх ёстой гэж үздэг. Хүн зөвхөн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлснийхээ төлөө баривчлагдах, хоригдох ёсгүй, шударга бус шүүх хуралд орох ёсгүй.

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД  дарж үзнэ үү. 

Эх сурвалж: Amnesty




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө