Илон Маскийн мэдэгдлийн дараа биткоины ханш огцом унав

Илон Маскийн мэдэгдлийн дараа биткоины ханш огцом унав

Илон Маск ганцхан үгээр биткоин зах зээлийг хөдөлгөж чадна гэдгээ дахин харууллаа. Тодруулбал, өнгөрсөн Пүрэв /2021.05.13/ гарагт Илон Маск "Тесла компани өөрийн үйлдвэрлэсэн автомашиныг худалдахдаа биткоиныг төлбөр тооцоонд ашиглахыг зогсоож" байгааг мэдэгдсэн.

Түүний энэ мэдэгдлийн дараа 56 мянган ам.долларт хүрч байсан биткоины ханш 7,7 хувиар огцом буурч, 43 мянган ам.доллар/2021.05.16-ны ханш/ болжээ. 

Гэхдээ Илон Маск биткоиноос бүрмөсөн татгалзаагүй, харин биткоины олборлох үйл ажиллагааг нүүрсээр биш, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрээр хангадаг болсон цагт дахин хэрэглэж эхлэхээ мэдэгдсэн. 

Энэ талаар тэрбээр өөрийн тветтер хуудаснаа “Криптовалют бол ирээдүйтэй, зөв санаачилга гэдэгт бид итгэдэг. Гэхдээ үүний төлөө байгаль орчноо золиослох боломжгүй юм” хэмээн бичжээ. Мөн Тесла компани өөрийн дансанд байгаа биткоины нөөцийг эрчим хүчний шилжилт хийх хүртэл зарахгүй хадгалахаар болсон юм. 

Одоогоос хоёр сар орчмын өмнө Тесла өөрийн үйлдвэрлэсэн цахилгаан хөдөлгүүрт автомашиныг биткоиноор худалдаж эхлэхээ зарлаж байв. Гуравдугаар сарын сүүлчээр тус компани бэлэн мөнгөний нөөцөөсөө 1.5 тэрбум ам.доллар гарган биткоин худалдан авч тухайн үед биткоины үнэ огцом нэмэгдэж байсан юм. 

Эх сурвалж: CNN