Т.Мөнхбаяр: Төр ганцаараа шинжлэх ухаан, инновацийн ажилд хөрөнгө оруулдаг цаг ард үлдсэн

Т.Мөнхбаяр: Төр ганцаараа шинжлэх ухаан, инновацийн ажилд хөрөнгө оруулдаг цаг ард үлдсэн

2014 оноос хойш БШУ-ны яамнаас жил бүр зохион байгуулж ирсэн “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээ энэ өдрүүдэд болж байна. Инновацийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, шинэлэг санаа, шинэ бүтээгдэхүүн,  үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус арга хэмжээ нь энэ сарын 23-ны өдөр өндөрлөнө. 

Энэ хугацаанд

  • Цахим технологи, дижитал шилжилт
  • Хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци 
  • Биотехнологи, анагаах ухаан
  • Хүнс, хөнгөн үйлдвэр, дэд бүтцийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци
  • Соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл
  • Гарааны компанийг дэмжих үндэсний экосистемийн жишиг загвар
  • Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба монгол соёлын оршихуйн бодлого” зэрэг сэдвээр салбар хуралдаан явагдахаар төлөвлөжээ. 

-МАНАЙ ЭРДЭМТЭД БИО, ЭКО, АШИГ ШИМТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ГАРГАДАГ БОЛСОН-

Бид уг үйл ажиллагааг хамтран зохион байгуулагч “Старт-ап маркетинг спейс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяртай холбогдож дараах тодруулгыг авлаа.

-“Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээ энэ жил ямар онцлогтой, зохион байгуулалттай явагдаж байна вэ?

-Уг арга хэмжээний гол зорилго нь шинжлэх ухаан, техник технологийн ололт амжилтыг улс орны эдийн засаг, хүн амын хөгжил, нийгэм соёлын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, олон нийтэд таниулахад чиглэдэг.

Энэ дундаа хөгжиж буй гарааны компаниудын инновацийн бүтээлийг танилцуулж, сурталчилдаг. 

Өмнө нь уг үйл ажиллагаа зөвхөн эрдэмтэн судлаач, их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудын хүрээнд болдог байсан бол сүүлийн хоёр жилд хувийн хэвшлийнхэн, гарааны компаниуд оролцож мэдлэг болон инновацийг олон нийтэд таниулдаг болсон. Мөн хувийн хэвшлийн байгууллагууд хоорондоо инновацийг хамтарч бүтээх чиглэлд ойлголцож, ажилладаг болсон нь давуу талтай. Энэ жилийн хувьд коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор хурал онлайнаар илүү дижитал хэлбэрээр болж байна. Тиймээс ч зохион байгуулагч болон оролцогчдод илүү дижитал хэлбэрээр үйл ажиллагаагаа тайлбарлах боломжийг олгож байна гэсэн үг. Мөн эн дагуу ажиллагааны хөтөлбөр, мэдээлэл онлайнаар явагдаж байна. Бүх хүн салбар хэлэлцүүлэг, тухайн өдөрт болж буй тэмцээн уралдааныг онлайнаар үзэх, оролцох боломжтой. Хүний тооноос, орон зайнаас үл хамаарч явагдаж буйгаараа онцлогтой байна даа.

-Уг арга хэмжээний хүрээнд нэлээн олон үйл ажиллагаа төлөвлөгдсөн байна. Хамгийн чухал арга хэмжээнээс дурдвал?

-Мэдээж салбарын эрдэмтдийн цуврал эрдэм шинжилгээний бага хурлууд болно. Олон улсын эрдэмтдийн эрдэм шинжилгээний бага хурал, гарааны бизнес эхлүүлэх сонирхолтой оюутнуудын дунд уралдаан зохион байгуулна. Мөн залуу эрдэмтэд хамтарч ажиллах гараагаа эндээс эхэлдэг. Энэ мэт арга хэмжээ болно. Манай “Старт-ап маркетинг спейс” ХХК-ийн хувьд энэ жил эрдэмтэн, судлаачдын хөдөө аж, ахуйн салбарт бий болгосон инновацийн бүтээлийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдад танилцуулж, холбож өгөх ажлыг голлон гүйцэтгэнэ. Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бизнесийн түншлэлийг бий болгох чиглэлд бие даасан арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Манай арга хэмжээ “Инноваци ба хөрөнгө оруулалт” сэдвийн хүрээнд маргааш /2021.05.19/ болно. Энэ үеэр хамгийн шилдэг 10 инновацийн бүтээлийг хөрөнгө оруулагчдад санал болгох, тэдэнтэй эрдэмтдийг холбох, бүтээгдэхүүнийг бизнесийн эргэлтэд оруулахад нь туслах чиглэлд ажиллана.

-Танай компанийн хувьд уг арга хэмжээнд хэд дэхь жилдээ оролцож байгаа вэ?

-2019 оноос хойш оролцож байна. Жил бүр төр, хувийн хэвшил болон эрдэм шинжилгээний бага хурлуудын хамтын ажиллааг бэхжүүлэх чиглэлд ажиллаж байсан.

-Энэ жил гурав дахь жилдээ оролцож байгаа юм байна. Уг арга хэмжээнд оролцсоны үр дүнд яаж гарсан бэ?

-Манай компани төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаач, бизнесийн байгууллагын дундын зуучлагч байгууллага. Тиймээс салбартаа хувийн хэвшлийн болон бизнесийн байгууллагын анхаарлыг илүү оруулж чадсан.

Ингэснээр зөвхөн төрийн зүгээс шинжлэх ухаан, инновацийн ажилд хөрөнгө оруулах биш хувийн хэвшлүүд ч оролцож эхэлсэн гэсэн үг. Энэ том давуу тал.

Илүү бүтээмж нэмэгдэх, шинэлэг инноваци нэмэгдэх, бүтээгдэхүүнийг маш хурдан зах зээлд гаргах боломжийг бүрдүүлж өгч байна. Үүний үр дүн гарч маргааш хөдөө аж, ахуйн салбарын инновацийн бүтээгдэхүүнийг танилцуулахад бэлэн болсон байна шүү дээ. Энэ үеэр ч мөн хөрөнгө оруулагчид инновацийн бүтээлд хөрөнгө оруулаасай гэж хүсч, хүлээлттэй байна. Эрдэмтдийн бүтээлийг худалдан авч бизнестээ ашиглаасай гэж хүсч байгаа. Бид маргааш 10 бүтээлийг танилцуулна. Эрдэмтэд, хувийн хэвшлүүд ойлголцох цаашид хамтран ажиллах эхлэл эндээс тавигдах юм. Бид одоо нэг ойлголтын түвшинд хүрч эхэлж байна шүү дээ. Цаашид бидэнд хууль эрх зүйн маш сайн зохицуулалт хэрэгтэй байгаа.  

-Сүүлийн үед хөдөө аж, ахуйн салбартг гарч буй шинэ технологи, инноваци юу байна. Нөгөө талаас худалдан авагчид ямар бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхолтой байна?

-Улс орнууд хөдөө аж, ахуйн салбарт маш олон шинэ технологийг хөгжүүлж байна. Газар тариалангийн салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлсэн. Робот, дроныг тариалангийн салбарт ашиглаж байна. Манай улсын хувьд хөдөө аж, ахуйг тэргүүлэх салбарын нэг гэгддэг ч техник, технологийг сайн нэвтрүүлж чадаагүй байна. Тэгэхээр цаашид уг салбарт дэлхийн бусад оронд ашиглаж буй технологийг нэвтрүүлэх мөн эко, органик өндөр үр шимтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргаж авах чиглэлд ажиллах шаардлага бий. Манай улсын хувьд илүү ашиг шимтэй, био, эрүүл шинэ сортын бүтээгдэхүүн гаргах тал дээр илүү ажиллаж байна. Техник, технологийн хувьд хоцрогдсон. Гэхдээ эрдэмтэд органик бүтээгдэхүүн гаргаж авч буй учир нөгөө талд худалдан авагчид гарц, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэл рүү илүү холбогдож байна. Цаашдаа техник, технологийн инновацийн бүтээгдэхүүнийг гаргаж ирвэл сонирхох компаниуд бий.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

ҮЗЭХ: