А.Амбасэлмаа: Шинж тэмдэггүй, хөнгөн балархай хэлбэрээр өвдөж байгаа хүмүүсийн тоо буураагүй

А.Амбасэлмаа: Шинж тэмдэггүй, хөнгөн балархай хэлбэрээр өвдөж байгаа хүмүүсийн тоо буураагүй

Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Манай улсын нийт хүн амын дунд халдвар өргөн тархсан. Ялангуяа нийслэлд халдвар эрчимтэй тархаж байгаа учраас хүндрэл, нас баралт ихээхэн бүртгэгдэж байна. Манай улсад халдвар бүртгэгдсэнээс хойш 50 мянга орчим иргэн халдварт өртжээ. Эдгээр халдвар авсан хүмүүсийн 87 хувь нийслэлд бүртгэгдсэн. Халдвар өргөн хүрээтэй тархсан үед өвчний хүндрэлийн тоо нэмэгддэг бөгөөд өнөөдрийн байдлаар эмчлүүлж байгаа хүмүүсийн 51-54 хувь нь хүндэвтэр, хүнд, нэн хүнд эмнэл зүйн шинж тэмдэгтэй байна. Энэ хүнд нөхцөл байдлыг даван туулахын тулд цаг тухай бүрд нь боломжийнхоо хэрээр хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. Халдвар өргөн тархсан байгаа энэ үед хэн ч халдварт өртөж болох учраас халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлах хамгаас чухал. Мөн дархлаажуулах ажлыг эрчимжүүлэх нь хэрэгтэй. Манай улс өмнө нь олон халдварт өвчний үед дархлаажуулах ажлыг зохион байгуулж байсан туршлагатай.

Вакцинаар дархлаа тогтоож байгаа энэ үед эхний тунг хийлгээд тайвширч болохгүй. Хоёр тунгаа хийлгээд 21 хоног болсны дараа дархлаатай болно гэдгийг ойлгоорой. Өнөөдрийн байдлаар халдварын тархалт буурч байгаа нь зөвхөн лабораториор батлагдсан тохиолдлын тоо юм. Шинж тэмдэггүй, хөнгөн балархай хэлбэрээр өвдөж байгаа хүмүүсийн тоо буураагүй. Ийм шинж тэмдэггүй өвдөж байгаа иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, хайртай хүмүүсээ эрсдэлээс хамгаалах нь хамгийн чухал гэдгийг анхааруулмаар байна” гэлээ