“Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын хоолны тендерт “ЭТТ” ХК-ийн Санхүү эрхэлсэн тэргүүн дэд захирлын хүүгийн компани шалгарчээ

“Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын хоолны тендерт “ЭТТ” ХК-ийн Санхүү эрхэлсэн тэргүүн дэд захирлын хүүгийн компани шалгарчээ

“Эрдэнэт” үйлдвэрийн “Засвар механикийн заводын ажилчдад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх” тендерт “Эрдэнэс Тавантолгой” компанийн Санхүү эрхэлсэн тэргүүн дэд захирал Д.Жаргалсайханы хүүгийн компани шалгарсан байна.

Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот шийдвэрээр Үйлдвэрийн дүүрэгт ажиллаж байгаа ажилчдад халуун хоол нийлүүлэх ТАВ орчим тэрбум төгрөгийн тендерийн дүнтэй гурван багцад “Хаан Хүнс-Эрдэнэт”, “Таятан фүүдс” ХХК гэх хоёр компанийг шалгаруулжээ. Улмаар 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр тендерт шалгарсан дээрх хоёр компанитай гэрээ байгуулсан байна.

Тус хоёр компани нийлээд 5800 ажилчнийг хооллож буй юм. “Хаан хүнс-Эрдэнэт” ХХК-ний хувьд хуучин ажлаа үргэлжлүүлж 4800 орчим ажилтныг дангаараа хооллож буй. Харин үлдсэн ажилчдыг хооллож байгаа “Таятан фүүдс” ХХК нь  тендерт “Эрдэнэс Тавантолгой” компанийн Санхүү эрхэлсэн тэргүүн дэд захирал Д.Жаргалсайханы хүү  Ж.Ууганбатын компани юм. Тус “Таятан фүүд” “SFC” сүлжээ гэх түргэн хоолны газрыг Улаанбаатар хотод нээгээд амжилтыг олоогүй. Хамгийн хачирхалтай нь нийтийн хоолны салбартаа нэг жил ч хүрэхгүй “нимгэн” намтар, түүхтэй. Төрд ажилладаг, аливаа төсөл тендерийн мэдээлэлд ойрхон хүмүүсийн хамаарал бүхий компани төрийн тендерт шургалдагийн нэг жишээ энэ юм. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд Ж.Ууганбатын нэр дээр “Таятан”, “Таятан фүүд”, “Таятан трейдинг” гэх гурван компани бий. Эдгээрээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдыг хооллож буй “Таятан фүүд” ХХК нь 2018 оны долдугаар сарын 4-ний өдөр ЖДҮХС-аас 850 сая төгрөгийн зээл авсан нь баримтаар олон нийтэд ил болсон билээ.

ЖДҮХС-гаас зээл авахад иргэд, аж ахуйн нэгжийг зээл авахад нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэн Нийслэлийн прокурорын газар, АТГ-аас шалгасан гэх төрийн түшээдийн нэрсийг жагсаалтад “Таятан фүүд” ХХК-тай Зам тээвэр хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нэр холбогдсоныг уншигчид санаж буй биз ээ.                                                                                                   

Гэвч тухайн үед энэ тухай Б.Энх-Амгалан сайд "Таятан фүүд" ХХК-ийн тухай мэдэхгүй. Намайг гүтгэсэн. Худал мэдээлэл цацсан хүмүүсийг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгч байгаа” хэмээн хариулж, үгүйсгэсэн.

Энд дурдахад, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, “Хаан Хүнс-Эрдэнэт”, “Таятан фүүдс” ХХК-иудтай байгуулсан гэрээг хүчингүй болгуулахаар “Оддөл” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тус нэхэмжлэлийн дагуу 2019 оны тавдугаар сарын 27-ны өдөр Орхон аймагт дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал болж, улмаар “Оддөл” ХХК-ийн нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ажээ.