Оффшор, 60 тэрбумын хэрэг эрчимжсэн нь Үндсэн хуулийг өөрчлөх, ЗГ тогтвортой байхтай холбоотой юу

Оффшор, 60 тэрбумын хэрэг эрчимжсэн нь Үндсэн хуулийг өөрчлөх, ЗГ тогтвортой байхтай холбоотой юу

Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр АТГ-аас гэнэтийн мэдээлэл хийж, Автотээврийн Үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр 57,5 сая төгрөг, МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хэлтсийн дарга асан А.Аззаяа, Н.Баярсайхан нар 1 тэрбум гаруй төгрөгийг бусдаас хахууль хэлбэрээр авсныг илрүүлсэн бичлэгийг олон нийтэд ил болгосон. Сүүлд тус бичлэгийн зорилго нь  2017 онд шинэчилсэн Эрүүгийн тухай хуулийн 1.10-д заасан “эрүүгийн хэрэг хөөн хэлэлцэх” тухай хуулийн заалтыг яаралтай засах шаардлага байгааг анхааруулсан сануулга байж болзошгүй байгаа юм. 

-ӨНГӨРСӨН 7 ХОНОГИЙН БААСАН ГАРАГТ “60 ТЭРБУМ, ОФФШОР”-ЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ХЭВЛЭЛД ЗЭРЭГ ГАРЧ ИРЭВ-

Харин өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт улс төрчдийн холбогдсон хоёр гэмт хэргийн шинжтэй мэдээлэл хэвлэлд гарсан юм.

Үүний нэг нь “60 тэрбум”-ын хэрэг прокурорт шилжсэн тухай, нөгөө нь Улсын Ерөнхий прокурор /УЕП/ Б.Жаргалсайхан АНУ-д очиж “оффшор” данстай холбоотой асуудлаар ажиллаад ирсэн зэрэг, товчхондоо улс төрчдыг тойрсон гэмт хэргийн хоёр мэдээлэл хэвлэлд нэгэн зэрэг гарсан юм.

Учир нь хуулийн байгууллагын зарим ажлыг цаанаа ямар нэг байдлаар улс төрийн агуулгатай байдаг гэж олон нийтэд харддаг болоод удаж байна. 

-УЕП Б.ЖАРГАЛСАЙХАНЫ МЭДЭЭЛЛИЙН АГУУЛГА “ОФФШОР ДАНС”-ТАЙ НЭР ХОЛБООТОЙ УЛС ТӨРЧДӨД ХАНДСАН САНУУЛГА УУ-

Тухайлбал УЕП Б.Жаргалсайханы /2019.08.09 ны өдөр/ хэвлэлд өгсөн ярилцлагын гол агуулга нь “оффшор данс”-ны тухай байсан юм. Тэрээр ярилцлагадаа “Авлигын мөнгөөр авсан гэдгийг тогтоосон, шалгагдаж байгаа АНУ дахь хөрөнгийг царцаах, битүүмжлэх, Монгол Улсад буцаан олгох чиглэлээр тус улстай хамтарч ажиллаж байна”гэсэн юм. Оффшор данстай нэр холбогдсон улс төрчид гэвэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Сү.Батболд гээд УИХ дахь МАН-ын бүлгийн 27-н гишүүдээс тус асуудалд холбогдсон гишүүд цөөнгүй бий. 

Харин “Салхит”-ын мөнгөний ордтой холбоотой авилгын хэрэгт нэр холбогдсон шүүгч асан С.Төмөрбатыг АНУ-аас авчрах асуудал бол тус айлчлалын жижигхэн хэсэг нь байх талтай байгаа юм. Учир нь ирэх долоо хоногт нь /энэ долоо хоног/ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэгдэхээс өмнөхөн тэр бүр хэвлэлд тодруулга, мэдээлэл өгөөд байдаггүй УЕП Б.Жаргалсайхан “АНУ-д оффшор дансны асуудлаар ажиллаад ирлээ” гэж гэнэт яагаад ярилцлага өгөх болов гэдэг нь бас л хардах сэдэв юм. 

-“60 ТЭРБУМ”-ЫН ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖСЭН ГЭХ МЭДЭЭЛЭЛ М.ЭНХБОЛД РУУ ХАНДСАН УУ-

Мөн сэтгүүлчдийн дунд “60 тэрбумын хэрэг прокурорт шилжсэн” гэсэн мэдээлэл /2019.08.09 ны өдөр/ тарсан юм. Энэ хэргийн гол холбогдогч нь УИХ-ын дарга асан М.Энхболд. Тус хэрэгтэй холбогдуулж Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуйд өнгөрсөн долдугаар сард хилийн хориг тавьсан гэж буй. Гол асуудал Ц.Сандуйдаа бус, гол бай нь УИХ дахь МАН-ын бүлгийн 27-н гишүүний толгойлогч М.Энхболд руу чиглэсэн ажиллагаа байх талтай юм. Учир нь засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө гэсэн асуудалтай зэрэгцэж энэ хэрэг яагаад прокурорт шилжив гэдэг нь бас хардах сэдэв.

-У.ХҮРЭЛСҮХ “САУД ГОБИ КОЭЛ ТРАНС” КОМПАНИЙ ЛИЦЕНЗЫГ ЦУЦЛАЖ ХУВЬ УЛС ТӨРЧИЙН ИМЖЭЭ БЭХЖҮҮЛЖ БАЙНА УУ -

Энэ долоо хоногийн даваа гаригт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Уул уурхай, Байгаль орчин, ЦЕГ, ТЕГ-ын удирдлагуудыг дуудаж,  “Өмнөговь аймгийн Гурван тэс суманд олгогдсон УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн оролцоотой “Сауд гоби коэл транс” компанид хамаарах ашигт малтмалын лицензийг цуцалж, хэргийг шалга гэж үүрэг өгсөн. Түүний энэ үйлдэл нь “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гацаах, засгийн газраа огцруулах суурь боллоо” гэж үзэх хүмүүс цөөнгүй байна.

Нөгөө талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх хууль бус үйл ажиллагаа явуулдаг олигархуудын компаниудтай тэмцсэний эцэст “огцорлоо” хэмээн ярьж, яг энэ имжээрээ улс төрд үлдэхээр зорьж буй нь өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлаас харагдаж байгаа юм. Ямартай ч сүүлийн өдрүүдэд өндрөө авч буй улс төрчдийн холбогдсон хэргүүд, түүнийг тойрсон мэдээллүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг тогтвортой байлгах “улс төрийн гол вакцин” явж байна уу гэж харагдаж байна.