ТОВЧ ТОЙМ: "Тост тосон бумба"-ын орд газар хэрхэн Б.Чойжилсүрэнгийнх болсон бэ

ТОВЧ ТОЙМ: "Тост тосон бумба"-ын орд газар хэрхэн Б.Чойжилсүрэнгийнх болсон бэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталсан. Ингэснээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хувь эзэмшдэг гэгддэг “Сауд гоби коал транс” компани Тост, Тосон бумын нуруунд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Мөн АМГТГ-ын Кадастрын даргын шийдвэрээр “Сауд гоби коал транс” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлаад байгаа юм.

Улсын тусгай хамгаалалтад авсан нутагт хууль зөрчин лиценз олгож, улмаар хоёр жил ухуулснаас газрын гүний усыг шавхаж, буйлсан ой тайрч, хөрс эвдэн олон салаа зам гаргаж, тоосжилтод амьтан ургамлын амьдрах орчин доройтоод байна.

-УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВСАН "ТОСТ, ТОСОН БУМБА"-ЫН НУРУУНД ОЛБОРЛОЛТ ЯВУУЛАХ ЛИЦЕНЗ Б.ЧОЙЖИЛСҮРЭНД ХЭРХЭН ОЧИЖ БАЙВ-

2008 оноос Ирвэс хамгаалах сангийнхан Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах санаачилга гаргаж, орон нутгийн удирдлага ч тэднийг дэмжин, хамтарч ажиллажээ. Тус сангийн биологич, судлаачид өөрсдийн ажиглалт судалгаа болон Монгол орны өмнийн говийн экологийн үнэлгээг хийсэн “Де нэйчэ консерванси” олон улсын байгууллагын “Тост, Тосон бумбын нуруу, түүнийг дагасан бүс нутагт нэн ховор цоохор ирвэс нутаглахаас гадна байгалийн унаган төрхөө хадгалсан баянбүрдүүд, тариалангийн талбай бүхий Хөвд, Хуршуутын гол орчмын бүс нутаг нь хамгаалах зайлшгүй шаардлагатай, экологийн чухал ач холбогдолтой газар” гэсэн дүгнэлтэд үндэслэн хамгаалалтад авах газрын кадастрын зургийг гаргасан гэдэг.

Тухайн үед 668 923 га талбайг хамгаалалтад авах хэрэгтэй хэмээн зургийг нь гаргахдаа өдгөө “Саусгоби коэл транс” компанийн эзэмшилд буй тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь багтааж байж.

Тост, Тосон бумбын нурууг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэрийг Гурвантэс сумын ИТХ-аас 2010, 2014 онд гаргахдаа яг тэдний гаргасан зургийг баримталсан гэдэг. Гэвч уул уурхайн компаниудын өмнө орон нутгийн ИТХ-ын шийдвэр хүчин мөхөстөх нь тодорхой тул сум, аймгийн удирдлага “дээш” нь бичиг шидэж, санал, хүсэлт илгээсээр 2015 онд Тост, Тосон бумбын нурууны 652 527.98 га газрыг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор, гурван жилийн хугацаатай, байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах Засгийн газрын тогтоол батлагджээ.

Гэвч солбилцлыг нь заахдаа “Саусгоби коэл транс” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хамгаалалтын хилийн гадна үлдээсэн байна.

  1. Лиценз анх олгохдоо БОАЖЯ-аас тухайн газарт хийсэн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, түүний дотор багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцээд дэмжсэн тогтоол байх ёстой. Гэтэл Тост багийн засаг дарга Н.Галаахүү багийн иргэд дэмжээгүй байхад багийн ИНХ-ын даргын гарын үсгийг хуурамчаар зурж, өөрийнхөө тамгыг дараад, “багийн иргэд дэмжсэн” гэсэн хуурамч тогтоолыг яаманд өгчээ. Үүнийг нь хуурамч гэдгийг прокурорын байгууллага тогтоосон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэн ч хариуцлага хүлээгээгүй байна. Тус хуурамч тогтоолыг БОАЖЯ үнэлгээ баталсан. Тухайн үед БОАЖ-ын сайд Д. Оюунхорол ажиллаж байв.
  2. Анх энд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ буюу 2 жилийн өмнө 2017 гуравдугаар сарын 15-д “Саут гоби коал транс” компани байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, газар ус ашиглах гэрээгүй, хууль бусаар ажиллаж эхэлснийг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч А.Атар тогтоож үйл ажиллагааг нь зогсоожээ. Гэтэл Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтулга хууль бус олборлолтыг дэмжиж албан бичгээр үйл ажиллагааг нь үргэлжлүүлсэн. Дараа нь 2018.04.05-д мөн л аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус компаний тээвэрлэлтийг хууль бус гэж үзээд зогсоожээ. Дахиад Д. Мөнхтулга ил далд нөлөөлсөөр 2 сарын дараа тээвэрлэлтийг үргэлжлүүлжээ.
  3. 2017 оны гуравдугаар сард компани үйл ажиллагаагаа эхлүүлэхээр ирэхэд нутгийн иргэд эсэргүүцэж, сумын ИТХ-аас лицензийн талбайг бүхэлд нь “Байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах, усны эх үүсвэр, нэн ховор амьтан, ургамал бүхий газрыг байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авна” гэсэн хуулийн дагуу орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ. Гурвантэс сумын удирдлага толгой мэдэн, бүтэн жил үйл ажиллагааг нь зогсоож, энэ хугацаанд компанитай шүүхдэлцсээр, 2018 оны хавар ялагдсанаар компани үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өөрөө “Яг үнэнийг хэлэхэд би 2010 оны төгсгөлөөр энэ лицензийг худалдаж авсан юм. Тэгээд 2016 оны долдугаар сард зарсан. Надаас өмнө буюу 2004 онд олгогдсон лиценз юм байна лээ. Есөн жилийн хугацаатай шүү дээ. Миний хувьд долоон жил гарантай болчихсон байхад нь худалдаж авсан юм. Түүний дараагаар хайгуул хийгээд ашиглалтын зөвшөөрлийг нь аваад, шилжүүлсэн” хэмээн ярьжээ.