С.Жавхлан ШИНЭ намаасаа гарсан уу

С.Жавхлан ШИНЭ намаасаа гарсан уу

Ж.Батзандан, Л.Болд нарын Шударга иргэдийн нэгдсэн эвлэл буюу ШИНЭ намд УИХ-ын гишүүн С.Жавхлан элсч байгаагаа өнгөрсөн тавдугаар сарын 2-ны өдөр зарласан. 

Тэрбээр энэ өдөр “Өнгөрсөн хугацаанд олон иргэнээс санал ирсэн. Шударга, зөв гишүүдтэй хамтарч ажиллахыг санал болгож байсан. Улс төрийн хувьд ганцаардаж байгааг иргэд ойлгож байгаагаа хэлсэн. Би ганц хүн айл болдоггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд хүчтэй мэдэрлээ. Улс төрд ганцаардал гэдэг хэцүү зүйл байдаг юм байна. Нэг талдаа нийгмийн захиалга. Нөгөө талдаа эдгээр гишүүд надад удаа дараа санал тавьсны дагуу би удаан хугацаанд бодож судалсны эцэст тулгын гурван чулуу болж, Монголдоо үнэний галыг бадраахаар нэгдлээ. Цаашдаа олон ажил хийх болно гэдгийг батлан хэлье” гэсэн юм.

Тэгвэл тэрбээр дээрх өдрөөс хойш дахин Ж.Батзандан, Л.Болд нартай хамт олны өмнө гарсангүй. 

Тавдугаар сарын 2-ны өдрөөс хойш Ж.Батзандан, Л.Болд нар С.Зориг агсны хэргийн талаар болон улс төрийн бусад асуудлаар долоо хоног бүр хоёр удаа хэвлэлийн бага хурал хийж, тус хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарын хоригдож буй шоронд очиж эргэх гэх мэт байнгын идэвхтэй ажилласан.  

Гэтэл энэ бүх үйл явдалд тус намын гишүүн С.Жавхлан оролцсонгүй. Үүнээс үзвэл С.Жавхлан гишүүн ШИНЭ намаасаа гарсан уу эсвэл төлөөлөх эрхгүй байна уу гэж хардахад хүргэж байна. 

Угтаа бол намын гишүүд нэг үйл хэргийн төлөө нэгдмэл санаа зорилготой ажилладаг. Гэтэл УИХ-ын гишүүн  С.Жавхлан  Ж.Батзандан, Л.Болд нартайгаа үзэл бодол таарахгүй болсон гэлтэй сураггүй алга болов.