Д.Тогтохсүрэн: АН-аас ирүүлсэн 25 саналаас 17 нь хүлээн авна

Д.Тогтохсүрэн: АН-аас ирүүлсэн 25 саналаас 17 нь хүлээн авна

УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн оруулж буй саналуудыг хүлээж авах эсэх асуудлаар өнгөрсөн долоо хоног бүтэн хуралдсан ч нэгдсэн саналд хүрч чадаагүй. Тиймээс өнөөдөр үргэлжлүүлэн хуралджээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, гишүүдийн тоог 108 болгон нэмэх, сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ болгох саналыг оруулж ирсэн юм. 

Харин Ерөнхийлөгчийн уг саналыг дэмжих эсэхээр тус бүлгийн гишүүд санал хуваагдан хоёр талцаж нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байгаа учир өнгөрсөн долоо хоногоос бичгээр санал хураалт авч эхлээд байгаа юм. 

Өнөөдрийн хурлаар юу хэлэлцэж, ямар шийдэлд хүрсэн талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бүлгийн хурлаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаа ярьж байна. Өнгөрсөн дөрөв дэх өдөр бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгч болон АН-тай зөвшилцөх санал гарсан. Өчигдөр АН-аас албан ёсоор 25 санал ирүүлсэн. 17 саналыг нь хүлээн авах боломжтой санал гэж үзсэн. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн саналтай нэгтгэж болохоор санал байсан. Тухайлбал парламентын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр оруулсан өөрчлөлтийг дэмжсэн. Үлдсэн найман санал огт тусгагдаагүй санал байсан учраас хэлэлцэх боломжгүй гэж үзсэн.  Олон улсын шүүх байгуулах, парламентаас ерөнхийлөгчийг сонгох гэх мэт саналуудыг хүлээж авах боломжгүй. АН-д энэ талаар байр сууриа илэрхийлсэн. Үүний дагуу АН-ын зөвлөл өнөөдөр хуралдана. Өнөөдөр АН-ын зөвлөлийн шийдийг хүлээхээр хурал завсарлалаа. АН-ын шийдийг харна. Мөн Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ажлууд байгаа. Энэ долоо хоногийн дөрөв дэхь гэхэд байнгын хороо, чуулганаар энэ асуудлыг оруулчих төлөвлөгөөтэй байна” гэлээ.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө