У.Хүрэлсүх төрийн ордны зүүн жигүүрт ажиллах бол, Х.Баттулгын огт амьдраагүй Их тэнгэрийн “өргөө”-нд амьдрах аж

У.Хүрэлсүх төрийн ордны зүүн жигүүрт ажиллах бол, Х.Баттулгын огт амьдраагүй Их тэнгэрийн “өргөө”-нд амьдрах аж

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар төрийн "нэгдүгээр зэрэглэл"-ийн тусгай хамгаалалтад байна гэж хуульчилсан. Улмаар тэдэнд зориулж тусгайлан бэлдсэн өргөө, ордон, орон сууц, тээврийн хэрэгсэл нь тусгай хамгаалалтад байдаг.

Иймд ирэх долоо хоногт тангараг өргөх У.Хүрэлсүх төрийн ордны аль хэсэгт ажлаа явуулж, хаана амьдрах талаар бид дараах мэдээлэл бэлтгэлээ.

-Ц.ЭЛБЭГДОРЖ СУУЖ БАЙСАН ӨРӨӨНИЙ “АГААРЖУУЛАЛТ МУУ” ХЭМЭЭН ӨРӨӨГӨӨ СОЛЬЖЭЭ-

Ерөнхийлөгч Х.Баттулга “Төрийн ордон”-ы зүүн жигүүрийн гуравдугаар давхарт байх хуучнаар “Иргэний танхим”-ын өрөөг сүүлд өөрийн ажлын өрөөгөө болгон тохижуулсан байдаг. Тодруулбал, тэрээр 2017 онд Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсон даруйдаа төрийн ордны голд байрлах Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа сууж байсан өрөөнд ажлаа эхэлсэн ч, удалгүй төрийн ордон дахь ажлын өрөөгөө ийнхүү сольсон гэдэг. 

Төрийн ордон. Эх сурвалж: Google/Map

Учир нь тус өрөө нь ордны гол баригдсан өргөтгөл бөгөөд, тойроод ханаар хүрээлэгдсэн, бүгчим “агааржуулалт муу” байсан тул ийнхүү сольж, хуучин “Иргэний танхим” байсан өрөөг ажлын өрөөгөө болгон тохижуулсан гэдэг. Харин ханаар хүрээлэгдсэн Ц.Элбэгдоржийн хуучин өрөөнд өдгөө Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга болон нарийн бичгийн дарга нь суух болсон гэдэг. Тэгвэл энэ сарын 25-ны өдөр тангаргаа өргөх У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгын одоо сууж буй Төрийн ордны зүүн жигүүрийн гуравдугаар давхарт байрлах өрөөг ажлын өрөөгөө болгож магадгүй байгаа ажээ. 

-Х.БАТТУЛГЫН 4 ЖИЛ АМЬДРААГҮЙ ИХ ТЭНГЭРИЙН АМНЫ “ӨРГӨӨ”-НД У.ХҮРЭЛСҮХ АМЬДАРНА-

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга "Их тэнгэрийн ам"-нд байдаг төрийн гурван өндөрлөг амьдрах зориулалттай өргөөнд сүүлийн 4 жилийн хугацаанд огт амьдраагүй гэдэг. Тодруулбал, тэрээр Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нартай айл хөрш байгаагүй гэсэн үг.

Харин тэрээр хуучнаар “Ю.Цэдэнбалын өвлийн өргөө” гэж нэрлэдэг Нэгдүгээр сургуулийн хажууд байрлах Төр засгийн үйлчилгээний … дугаар байшинд сүүлийн 4 жилд гэр бүлийнхээ хамтаар амьдарсан гэдэг. 

Ю.Цэдэнбалын өвлийн өргөө. Эх сурвалж: Google/Map

Мөн тус өргөөний хажууханд Ерөнхийлөгч Х.Баттулгын хувийн эзэмшлийн "Баянгол" зочид буудал нь байх бөгөөд ихэнх хугацаанд тэрээр тус зочид буудал байгаа харагддаг. Учир нь тус буудлын орчимд цагдаа болон төрийн тусгай хамгаалалтын гадуур хамгаалалт гарчихсан байх нь иргэдэд олонтой тохиолддог гэдэг. Тэгвэл У.Хүрэлсүх тангаргаа өргөөд Х.Баттулгын огт амьдраагүй Их тэнгэрийн аманд байрлах Ерөнхийлөгч амьдрах зориулалттай өргөөнд амьдарч, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай айл, хөрш амьдрах бололтой.

Их тэнгэрийн ам. Эх сурвалж: Google/Map

Тодруулбал, У.Хүрэлсүхийн амьдрах Их тэнгэрийн аманд байх өргөөнд П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын Ерөнхийлөгч, Монголын үе, үеийн удирдагчид бүрэн эрхийнхээ хугацаанд гэр бүлийн хамт амьдарч байсан гэдэг. Иймд У.Хүрэлсүх Их тэнгэрийн аманд байх Ерөнхийлөгчийн амьдрах зориулалттай өргөөнд ирэх 6 жилийн амьдралаа өнгөрөөх нь.