SOS: Уушги орлуулах аппаратад орж чадаагүйн улмаас долоон сартай жирэмсэн эх эндэж, хоёр хүүхэд нь өнчрөв

SOS: Уушги орлуулах аппаратад орж чадаагүйн улмаас долоон сартай жирэмсэн эх эндэж, хоёр хүүхэд нь өнчрөв

Монгол улсад коронавирусийн нөхцөл байдал хүндэрч, өдөрт бүртгэгдэх халдварын тоо сүүлийн гурван өдөр 2 мянгыг давлаа. Халдварын тоо нэмэгдэхийн хэрээр биеийн байдал нь хүнд өвчтөнүүдийн тоо ихсэж буйг ЭМЯ-аас мэдээлж буй.

Харин хүндэрсэн өвчтөнүүдэд хамгийн хэрэгтэй эмнэлгийн тоног төхөөрөмж бол ECMO аппарат буюу уушги орлуулах аппарат. Уг аппарат амьсгал дутагдлын үед уушги орлох, зүрхний дутагдлын үед зүрх орлох чухал үүрэгтэй төхөөрөмж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард улсын хэмжээнд уг аппарат нэг ширхэг байсныг тоог нь нэмж дөрөв болгосон байдаг. Гэвч хүнд өвчтөнүүдийн тоо өдөр бүр нэмэгдэж буй энэ цаг үед дөрвөн аппарат хаанаа ч хүрэлцэхгүй байгаа ажээ.

-ДӨРВӨН АППАРАТ ДӨРВҮҮЛЭЭ ХҮНТЭЙ БАЙСАН УЧИР ХӨӨРХИЙ БҮСГҮЙ ХАРАМСАЛТАЙГААР ХОРВООГ ОРХИЖЭЭ-

Энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт ECMO аппаратад орж чадаагүйн улмаас гурав дахь хүүхдээ хэвлийдээ тээж байсан нэгэн ээж коронавирусийн харамсалтайгаар хорвоог орхижээ. Талийгаач долоон сартай жирэмсэн байсан бөгөөд халдвар авсан гэдгээ нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө мэдсэн байна. Эхэндээ бага зэрэг ханиалгах шинж тэмдэг илэрч, өрхийн эмнэлэгтээ үзүүлтэл “ковид биш, хөнгөн ханиад байна” гэж буцаасан аж.

Гэвч удалгүй бүсгүйн бие хүндрэн эмнэлэгт хүргэгдэхэд халдварын улмаас олон эрхтний дутмагшил болсон байжээ.

Хамгийн харамсалтай нь талийгаачийг ECMO аппаратад оруулах шаардлагатай байсан ч чадаагүй. Учир нь тэр шөнө улсын хэмжээнд байдаг дөрвөн аппарат дөрвүүлээ хүнтэй байсан хэрэг. Тухайн үед бүсгүйг ECMO аппаратад оруулсан бол өөр нэгэн өвчтөн хорвоог орхих учир ар гэрийнхэн болон эмч нар яаж ч хичээгээд юу ч хийж чадаагүй. Чадах ч боломж байгаагүй. Хэрвээ “ECMO” аппарат ковидын эмнэлгүүдэд хангалттай хэмжээнд байсан бол өнөөдөр хоёрын хоёр хүүхэд өнчрөхгүйн дээр, талийгаачийн гэр бүл гурав дахь хүүхдээ өлгийдөн авч, элэг бүтэн амьдрах байлаа. Хэрвээ …

-С.ЭНХБОЛД САЙД “МАНАЙХ ШИГ ХҮН АМТАЙ ОРОНД “ECMO” АППАРАТ ХОЁРООС ГУРАВ БАЙХАД ХАНГАЛТТАЙ ГЭЖ БАЙВ-

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын УИХ-ын чуулганы үеэр С.Ганибал гишүүн “Уушги орлуулах аппарат Монгол Улсын хэмжээнд нэг ширхэг л байна. Бид 37 тэрбум төгрөгөөр 100 ширхэг аппарат авчихсан байсан бол өнөөдрийн хүндрэлүүд гарахгүй байх байлаа” гэж байв. Харин Эрүүл мэндийн яамны сайд С.Энхболд “ECMO аппарат манайд 50, 100-аараа байх ямар ч шаардлагагүй. Энэ аппаратад орсон хүн бүр эрүүл болчихдог юм биш. Уушги бүрэн амьсгалах боломжгүй болсон тохиолдолд ECMO аппаратад ордог. Манай шиг хүн амтай оронд хоёроос гурав байхад хангалттай” гэсэн юм.

Гэвч Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч С.Алтансүх “Энэ аппаратаар эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн биеийн байдал одоо хэвийн болсон” гэж хэвлэлд яриа өгсөн байдаг.

Эрүүл мэндийн яамны сайд нь “ECMO аппарат олон байх шаардлагагүй” гэж байхад өнөөдөр уг аппаратад орж чадаагүйн улмаас нэг бяцхан амь, ээжийнхээ хамтаар эндэж, нэг гэр бүл өнчирлөө. Үүний цаана хэчнээн “амь” ийм байдалд орж, хэчнээн гэр бүл “арчаагүй” төрийн гайгаар хагацал үзсэн бол.