Ц.Нямдорж сайдын “500 саяын амбаар”-ын зургийг агаараас авчээ

Ц.Нямдорж сайдын “500 саяын амбаар”-ын зургийг агаараас авчээ

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржыг тойрсон олны шүүмж тасрахгүй нь бололтой. Учир нь тэрээр УИХ-ын дарга байхдаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж 2017 оны тавдугаар сард баталсан болох нь тодорхой болж нилээдгүй шүүмжлэлд өртсөн.

Мөн түүнээс салдаггүй нэг асуудал нь түүний хоёр хөвгүүдийн гэх тансаг зэрэглэлийн гурван давхар хаус юм.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржын хүүгийн гэх хаус

Харин тэрээр энэ тухай ярилцлага өгөхдөө “500-хан сая төгрөгийн амбаар” гэж тодорхойлж байсан удаа бий. Тэгвэл нэгэн иргэн тус хоёр хаусыг дээрээс нь зургийг нь авснаа сошиалд нийтэлсэн нь иргэдийн нилээдгүй шүүмжлэлтэй тулгараад байна. Учир нь Ц.Нямдорж сайдын тодорхойлсон шиг “жирийн нэг амбаар” биш байшингуудаас гадна хашаандаа автомашины зам, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, сагсан бөмбөгийн талбай, хүлэмж /усан сан ч байж болзошгүй/ зэрэг байгууламжаас бүрдсэн нилээдгүй тансаг орчинтой ажээ.

Харин тэрээр 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 22.7 сая төгрөг бол гэр бүлийн нийт орлого 6.4 сая төгрөг, 150 сая төгрөгийн үнэтэй нэг орон сууцтай бөгөөд 29 сая төгрөгийн үнэтэй Toyota Venza маркын машинтай.

Мөн 7 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй харин дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах дансандаа 5.6 сая төгрөгтэй, Эрдэнэс Тавантолгой ХК-д 2144 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.