М.Энхболд, У.Хүрэлсүхийн бүлгээрээ хуваагджээ

М.Энхболд, У.Хүрэлсүхийн бүлгээрээ хуваагджээ

Энэ долоо хоногийн даваа гаригт МАН-ын бүлэг хуралдаж саналаа нэгтгэж, дараа нь үргэлжлүүлээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг хуралдах, мягмар гарагт буюу өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж дуусгаад өнөөдөр, маргааш, нөгөөдөр /энэ сарын 21, 22, 23-ны өдрүүд/ УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх төлөвлөгөөг УИХ-ын Тамгын газраас гаргасан ч хуваарийн дагуу явагдахгүй болж байх шиг байна. 

-МАН-ЫН ДОТООД ЗӨРЧИЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ГАЦААЖЭЭ-

Учир нь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт бүтэн хуралдаад Үндсэн хуульд оруулж буй Ерөнхийлөгчийн зарим саналыг хүлээж авах эсэхээр нэгдсэн саналд хүрч чадаагүй байдаг. Тодруулбал, сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ хувилбараар явуулж 108 гишүүнийг 5 жилийн хугацаатай сонгоно гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан саналаар санал хуваагдаад байгаа юм. 

Төрийн ордонд бүхэл бүтэн таван хоног хуралдаад  нэгдсэн байр, суурьт хүрч чадаагүй учир тус бүлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд "Тэрэлж"-д албан бусаар хуралдсан байна. Тэд салхинд гарангаа чөлөөт уулзалт явуулж дээрх асуудлаар аль болох нухацтай ярилцсан ч мөн шийдэлд хүрч чадалгүй таржээ. Ингээд энэ сарын 19-ны өдөр буюу даваа гаригт хуваарийн дагуу Үндсэн хуулийн төсөл МАН-ын бүлгээр хэлэлцэгдэх байсан ч мөн л хуралдаж чадаагүй юм. 

Ингээд өчигдөр МАН-ын бүлэг хуралдсан дүр үзүүлж Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор АН-ын гаргасан саналыгхүлээж авахаар болсноо мэдэгдсэнээс гадна Ерөнхийлөгчтэй хийж буй зөвшилцлийг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, зарим саналтай холбоотойгоор АН-ын шийдийг хүлээхээр боллоо гэж өөрсдийн асуудлыг түрхэндээ бултуулж орхисон. 

Энэ бүхнээс үзэхэд МАН-ын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дотооддоо зөрчил нь хурцадсан байна. Тодруулбал, У.Хүрэлсүх, М.Энхболдын бүлгээрээ талцжээ. Тэд сонгуулийн тогтолцоо болон УИХ-ын гишүүнийг 108 болгох зэрэг асуудал дээр маргалдаж байгаа аж. МАН дахь 27-ийн бүлэг буюу М.Энхболдын фракц УИХ-ын гишүүнийг 108 болгох болон сонгуулийг холимог тогтолцоог эсэргүүцэж байгаагаас гадна шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтыг анхны өргөн барьсан хувилбараар нь батална гэсэн байр суурийг хамгаалж байгаа ажээ.

У.ХҮРЭЛСҮХИЙН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГААР ӨРГӨН БАРИУЛСАН САНАЛАА ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХЭЭ МЭДЭХГҮЙ БАЙНА УУ-

Угтаа бол сонгуулийн тогтолцоог холимог болгож, УИХ-ын 108 гишүүнтэй болох саналыг Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин зэрэг МАН-ын хууччуул Ерөнхийлөгчөөр өргөн бариулсан гэлцдэг. Гэтэл энэ санал нь М.Энхболдын бүлэгтээ таалагдахгүй байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар М.Энхболд саналаа хайрцагласан түүний талд УИХ-ын олон гишүүд байгаа. Үндсэн хууль бол зөвшилцлийн үндсэн дээр батлагдах ёстой баримт бичиг. Гэтэл нийт гишүүдийн 50 хувь нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй байгаа нь учир тус асуудал гацаанд орсон гэж байгаа юм. Цаашид хэн, хэнтэй ямар тохиролцоонд орохоос шалтгаалаад  дээрх асуудал шийдэгдэх үгүй нь тодорхой болох ажээ. 

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын хуваарийн дагуу бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийгээд эхэлсэн байх ёстой. Гэтэл МАН-ын хэрүүл, дотоод хагарал хоёрдугаар хэлэлцүүлгийг хойш татсан. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Занданшатарын хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах намын мөрийн хөтөлбөрөө биелүүлчих хүсэлтэй байдаг ч нам доторх сөрөг хүчинтэйгээ эхлээд ойлголцох шаардлага үүссэн ажээ.

МАН- аас сонгогдсон гишүүд УИХ-д хэт олонх энэ үед “Үндсэн хууль”-ийг өөрчлөх нь зөв үү?

Нийт: 0 саналтай