Нефтийн дайвар бүтээгдэхүүнээс татвар авч, хуурамч шатахуун хийхээс сэргийлэх хуулийг дэмжив

Нефтийн дайвар бүтээгдэхүүнээс татвар авч, хуурамч шатахуун хийхээс сэргийлэх хуулийг дэмжив

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2021.06.22/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилж өнгөрсөн онд УИХ-д өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Тодруулбал, нефтийн дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах өөрчлөлт оруулах юм. Нефтийн дайвар бүтээгдэхүүнд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн тонн тутамд 285 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулах өөрчлөлт оруулж байгаа билээ. 

Байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцээд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөх саналтайгаар УИХ-д шилжүүллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Нийт дөрвөн төрлийн дайвар бүтээгдэхүүн оруулж ирдэг. Өнгөрсөн жил 210 мянган тонн оруулж ирсэн. Харин 2012 онд дөнгөж 2000 тонн байсан. Манай улсын цэвэр хэрэглээ энэ. Хуурамч бүтээгдэхүүн хийснээс хойш 210 мянган тонн болж нэмэгдсэн. Энэ бизнесийг хийдэг нэг л компани байгаа. Энэ компани жил бүхэн нэрээ өөрчлөөд өөр, өөр нэрээр импорт хийдэг. Өнгөрсөн жил 210 мянган тонн орж ирэхэд 60 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн.

Дашрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн чуулганы хуралдааны үеэр Б.Пүрэвдорж гишүүн уг хуулийг яаралтай хэлэлцэхийг шаардаж "Хуурамч шатахуунд онцгой албан татвар ногдуулах хуулийг хэлэлцэхгүй бол жагсаал хийнэ" гэж мэдэгдсэн билээ. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө