Яармаг дахь Хотын захиргааны шинэ байранд 145 ор дэлгэж, 10 амьсгалын аппарат байршуулжээ

Яармаг дахь Хотын захиргааны шинэ байранд 145 ор дэлгэж, 10 амьсгалын аппарат байршуулжээ

Яармагт баригдсан хотын захиргааны шинэ байранд өчигдрөөс 145 ор дэлгэн “Яаралтай тусламжийн түр төв”-ийг байгуулж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хотын захиргааны шинэ байранд яаралтай ор дэлгэх үүргийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгсөн. Хотын захиргааны шинэ байранд ор дэлгэснээр эмнэлгийн үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай, ор хүлээж буй өвчтөнүүдийг хүлээн авах боломжтой болох юм.

Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр тус эмнэлэгт очиж ажиллалаа. “Яаралтай тусламжийн түр төв” нь 10 амьсгалын аппараттай бөгөөд орны тоонд хангалттай хүрэлцэх 100 хувь хүчилтөрөгчийн хангамжтай гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэлсэн юм. Тэрбээр дүүрэг, харьяалал харгалзахгүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, дүүргийн эмнэлгүүдэд ор гармагц дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлнэ гэж байлаа.

Шаардлагатай тохиолдолд дахин ор дэлгэх хангалттай орны нөөц болон зай, талбай  байгаа ч хүний нөөц дутмаг байгааг албаныхан хэлж байлаа.  Тус эмнэлэг нь маргаашнаас өвчтөнүүдээ хүлээн авах боломжтой бөгөөд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудаас бүрдсэн 180 гаруй эмч, сувилагч ажиллах юм.

Засаг даргын шуурхай хуралдаанаар дүүрэг бүр нэмж ор дэлгэх талаар судалгаа хийх, яаралтай зохион байгуулах үүрэг чиглэлийг дүүргийн удирдлагуудад өгсөн. Тиймээс нэг иргэний амь насыг алдахгүйн тулд бүхий л нөөц боломжоо дайчлан, ор дэлгэх, өвчтөн хүлээн авах ажлаа шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болголоо. Харин Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Энхтуяа “Коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч, халдварын тохиолдол ихэссэнээр ачаалал маш их нэмэгдсэн. Хотын дарга төрийн захиргааны байранд ор дэлгэн, яаралтай тусламжийн төвийг байгуулах шийдвэр гаргасан нь цаг үеэ олсон, зөв шийдэл байлаа” хэмээв.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар улаан бүсэд орж ажиллах амаргүй үүрэг, хариуцлага хүлээж буй эмч эмнэлгийн ажилчдад талархал илэрхийлсэн юм.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө