С.Энхболд: Гэрээр эмчлүүлж буй иргэдийн эмчилгээний тариф 70 мянгаас 160 мянга болсон

С.Энхболд: Гэрээр эмчлүүлж буй иргэдийн эмчилгээний тариф 70 мянгаас 160 мянга болсон

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн 88.2 хувь нь дэмжлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “КОВИД-19-ийн эмчилгээний эмүүдийг Эрүүл мэндийн даатгалын санд багтаах тушаал гарч байгаа. Даатгалын сангаа илүү иргэд рүү ойртуулсан үйлчилгээ нэвтрүүлж байна. КОВИД-19-т зориулсан тарифын өөрчлөлтийг цаг тухай бүрд нь хийгээд явж байгаа.

Тухайлбал, өмнөх тушаалаар эрчимт эмчилгээнд нэг хүн эмчлэгдэхэд 4.3 сая төгрөгийн зардал гардаг байсан бол шинэ тарифаар 7.7 сая төгрөг болж батлагдсан. Үүнд цар тахлын үед хэрэглэж байгаа нэн шаардлагатай эмчилгээний үнэ бүгд багтсан. Дээрээс нь ажиллах цалингийн нэмэгдлийг тооцож олгож байгаа.

Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийн тариф 70 мянга байсан бол 160 мянган болсон. Үүнд арбидол зэрэг эм багтсан. Тухайн өрхийн эмнэлгээс эмчлүүлж байгаа хүмүүст авч өгнө. Дараа нь гүйцэтгэлээрээ даатгалын сангаас санхүүжнэ" гэсэн мэдээллийг өгөв.