Судалгаа, тооцоолол нь үргэлж зөрдөг Эрдэмтдийн зөвлөлийг Ж.Амгалан хурандаа даргалж байна

Судалгаа, тооцоолол нь үргэлж зөрдөг Эрдэмтдийн зөвлөлийг Ж.Амгалан хурандаа даргалж байна

Эрдэмтдийн багийн зөвлөлөөс халдварын тохиолдлыг энэ сарын 15-аас буурна гэж тооцоолж энэ дагуу Улсын онцгой комисс, Засгийн газраас холбогдох шийдвэрүүдийг гаргаж ирсэн ч эсрэгээрээ өслөө. Тэд тооцооллыг буруу хийж ганц вакцины үр дүнд найдан бусад хүчин зүйлсийг орхигдуулсан нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэхэд нөлөөлөв.

Асуудал эндээ тулсан байхад Эрдэмтдийн зөвлөлийн багийнхан сүүлийн өдрүүдэд ээлж дараалан “АСА СТАНЦ”-ын ярилцлагын дугаарт оролцон “арьс”-аа хамгаалж бурууг өөрсдөдөө бус бусдад тохож буй нь ой гутам байна. Халдварын тохиолдол нэмэгдэж, хүндрэхэд ганц тэднийг буруутай гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ бүхэл бүтэн улсын Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийнхөн ингэж ярьж болох уу даа хэмээн дүгнэлт хийж болохоор байгаа юм. Өнгөрсөн хугацааны тэр дундаа хоёр удаагийн хатуу хөл, хорионы үеэр Эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан шийдвэрүүдийг эргэн сануулъя.

-“ИНЭЭДЭМ: ЭРДЭМТЭД БАЙТЛАА ХӨЛ, ХӨДӨЛГӨӨНИЙГ ТООЦОЛГҮЙ ТООЦООЛОЛ ГАРГАДАГ ЮМ УУ Л.ЭНХБОЛД САЙДАА-

НЭГДҮГЭЭРТ, Өнгөрсөн хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд хөл хорьж нийслэлийн 411.4 мянган өрх бүрийн нэг иргэнээс PCR шинжилгээ авах ажлыг зохион байгуулсан.

“Нэг Өрх-Нэг шинжилгээ” нэртэй уг ажилд нийт 30 тэрбумыг зарлагадсан билээ. Тухайн үед Хотын дарга Д.Сумъяабазараас эхлээд бүх дарга “дахин хөл хорио” тогтоохгүй гэж мэдэгдэж байсныг санаж байна уу.

Гэтэл улсын төсвийн 30 тэрбумыг зарлагадаж хийсэн ажил нь үр дүнгээ өгөлгүй хөл, хорионы дараа дахин халдварын тоо өссөн. Тэр үед ч эрдэмтдийн зөвлөл болон дарга нар өөрсдийгөө өмгөөлж байв. Энэ бол вакцинд хамруулахаас өмнөх үйл явдал.

ХОЁРДУГААРТ,  Дараа нь дөрөвдүгээр сарын 10-аас эхлэн 28 хоногийн турш хөл, хорио тогтоосон. Энэ үед вакцинжуулалтын хоёрдугаар тунг эхлүүлж үр дүнг нь харна гэж байсан ч татан авалтын алдаа доголдлоос болж арав хоногоор хойшлуулсан билээ. Ингээд вакцины нэг, хоёр дахь тунгийн дунд 10 хоног алдсан. Яахав, үүнээс хойш вакцинжуулалт эрчимтэй явагдаж хөдөө, орон нутагт хүртэл идэвхтэй байсан хэдий ч өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тоо 1000-аас буурахгүй байв. 1000 давсан халдвартайгаа сонгууль хүргэсэн ч сонгуулийн дараа 2000 гарч нас баралтын тоо 10-аас буурахгүй байсаар. Тодруулбал, сонгуулиас хойш халдварын тоо өсч яг өнөөдрийн байдлаар нөхцөл байдал маш аюултай түвшинд хүрч нийт батлагдсан тохиолдол 98050, нас баралт 459 болоод байна. Юун Ковидгүй зун.

Шалтгаан нь ердөө л 28 хоногийн  хөл хорионы дараа иргэдийн идэвхтэй хөдөлгөөн тэр дундаа сонгууль, шагнал гардуулалттай холбоотой. Эрдэмтдийн багийн зөвлөлөөс математик тооцоолол, тархвар судлалынхаа дагуу сонгууль зохион байгуулбал халдварын тоо 2000 давна гэдгээ хоёр сарын өмнө мэдэгдэхгүй яасан юм. Эрүүл мэндийн сайд Л.Энхболд “Зургадугаар сарын 15-аас хойш халдвар буурна гэж дүгнэхдээ хөл, хөдөлгөөн ингэж ихэснэ гэж тооцоолоогүй” хэмээн ярьж түмний инээд, дургүй хоёрыг хүргээд байна. Мэргэжлийн баг байтлаа тооцооллыг ингэж хийх үү.

ГУРАВДУГААРТ, Сонгууль явуулж, шагнал өгч халдвар тараачхаад өнөөдөр алдаагаа нэг хүн рүү гээ чихээд байж болохгүй. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд Л.Энхболд болон Эрдэмтдийн багийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр нар “16000 гаруй иргэн шагнал авлаа. Шагналын найр, наадам хийлээ. Халдвар үүнээс болж тархсан” гэж мэдэгдсэн. Тэгэхээр муу юм болбол баруун талын хар овоохой гэгчээр коронавирусын халдварыг нэмэгдүүлэхэд ганц Ерөнхийлөгч Х.Баттулгыг чичлээд байлгүй өөрсдөө ч  мөн сонгуулиа хийж орон нутагт тараасан гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Юм үнэнээрээ, шударга байх сайхан. Нам тань ч буруутай.

-ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛИЙН 20 ХҮНИЙГ Ж.АМГАЛАН
ХУРАНДАА ДАРГАЛЖ БАЙНА-

Мөн тус зөвлөлийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэн “Бидний тооцоолж байгаагаар долоо болон наймдугаар сард халдварын тоо тогтвортой буураад явна. Хэрвээ хөл хорихгүйгээр цааш явбал эрүүл мэндийн салбар, эмнэлгийн ачаалал долдугаар сард оргилдоо хүрч, нас баралт их бүртгэгдэх болно” мэдэгдсэн. Цаашлаад тохиолдлын тоо өдөрт 3000-3500 руу хүрэх магадлал өндөр байна. Нэг сарын дотор шинээр өвчлөх хүмүүсийн тоо 100-120 мянгад хүрэх эрсдэлтэй байна. Хөл хорио тогтоох шаардлага үүссэн.

  • Нэгт, халдварын тоогоо харах ёстой. Өвчлөл өндөр байна. 
  • Хоёрдугаарт, эмнэлгийн  орны ачаалал хамгийн өндөр түвшинд хүрчихлээ. 
  • Гуравдугаарт, лабораторийн ачаалал нэмэгдсэн. 
  • Дөрөвдүгээрт, нас баралт ихэссэн. 

Зөвхөн долдугаар сард өвдөх тохиолдлын тоо 100-120 мянга давах тооцоолол бий. Үүнийгээ дагаад эрсдэлт бүлгийнхэн маш их эрсдэлд орно гэж мэдэгдээд Улсын онцгой комисст хөл, хорио тогтоох санал гаргачхаад байж байна. Энэ дагуу хөл, хорио тогтоох шуугиан ч аль хэдийн тараад эхэллээ.

ДҮГНЭЛТ: “Нэг өрх-Нэг шинжилгээ” үр дүнгээ өгөөгүй. Мөн хоёр удаагийн хатуу хөл, хорио үр дүнгээ өгөөгүй. Халдварын тоо нэмэгдэх бүрт Эрдэмтдийн зөвлөлөөс хатуу хөл, хорио тавих саналыг л гаргадаг. Өөр шийдэл үгүй. Тэд зургадугаар сарын 15-аас хойш халдварын тоо буурна гэсэн ч одоо хэлснээсээ буцаж наймдугаар сараас буурна гэж ярьж байна. Тэр бүү хэл халдвар тархсан нөхцлийг үнэн, зөв дүгнэж чадахгүй намын ялгаварлал гаргаж байна. Угтаа бол эрдэмтдийн дүгнэлтэд ямар ч улс төрийн нөлөөлөл орох ёсгүй бөгөөд цэвэр шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой. Тиймээс ч иргэдийн зүгээс Эрдэмтдийн зөвлөлийг шүүмжилж энд ямар хүмүүс багтсан байдаг талаар ихэд сонирхож байна.

Тэгвэл Я.Содбаатарыг Шадар сайдаас огцорсны дараа С.Амарсайхан Эрдэмтдийн багийн зөвлөлийг шинэчилсэн байна. Ингэхдээ даргаар ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгаланг, Нарийн бичгийн даргаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр нарыг томилжээ. Нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд “Транспэрэнси интернэшнл Монгол” гүйцэтгэх захирал О.Батбаяр, МУИС-ийн багш доктор Т.Бэгзсүрэн болон багш, эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй гэх мэдээлэл байна.