“Мисо Рамен” рестораны үйл ажиллагаа хариуцсан менежерийг цагдаа нар баривчлан авч явжээ

“Мисо Рамен” рестораны үйл ажиллагаа хариуцсан менежерийг цагдаа нар баривчлан авч явжээ

УОК-оос өнгөрсөн долоо хоногт хоолны газруудыг заалаар үйлчлэхийг хязгаарлах шийдвэр гаргасан. Гэвч халдварын тархалт буухгүй байгаатай холбогдлуулан өчигдөр /2021.06.23/ уг шийдвэр хэрэгжих хугацааг долоон хоног сунгасан билээ.

Тэгвэл өнөөдөр /2021.06.24/ “Мисо Рамен” ресторан УОК-ын шийдвэрийг биелүүлж чадахгүй гэдгээ мэдэгдэж заалаар үйлчилж эхэлсэн юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн мэргэжлийн хяналтаас уг газарт хариуцлага тооцож “Шууд үйл ажиллагааг нь хаана” гэсэн байж болзошгүй байна гэсэн бол тус байгууллагын үйл ажиллагаа хариуцсан менежерийг Сүхбаатар дүүргийн цагдаа нар баривчлан авч явжээ. 

Энэ талаар МХЕГ-аас хэвлэлд өгсөн мэдээлэлдээ, "Мэргэжлийн хяналтын байгууллага нь эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулдаг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн үйлчилгээний байгууллагуудад зөвлөгөө, зөвлөмж өгсөөр ирсэн. Гэвч нэг талаар зарим хариуцлагагүй аж ахуйн нэгжийн буруугаас, нөгөө талд иргэдийн ухамсаргүйгээс үйлдлээс шалтгаалан халдвар тархах эрсдэлт нөхцөл байдал үүсэж байсан учир тавдугаар сарын сүүлээс эхлэн торгууль, шийтгэл ногдуулж байна. Өнөөдрийн тохиолдлын тухайд уриалга гаргасан аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн 15.2.1 болон 15.2.2 заалтаар хариуцлага тооцно" гэв.

Харин "Мисо Рамен" ресторан фэйсбүүк хаяг дээрээ, "Гаргасан мэдэгдэлдээ бат зогсож үйл ажиллагаагаа хэвийн явуулж тэмцлээ үргэлжлүүлэхээ үүгээр уламжлахын сацуу биднийг дэмжиж байгаа хувь хүмүүс албан байгууллага, хэвлэл мэдээллийнхэн ирж хамтдаа нэгдэн дуу хоолойгоо хүргэхийг уриалж байна. Цагдаа, мэргэжлийн хяналт,УОК-хон ирж хааж, бүтүүмжлэх гэж оролдсон ч бид 24:00 цаг хүртэл ажиллах тул манайхаар үйлчлүүлж байнга хүнтэй байлгаж ухамсартайгаар эсэргүүцлээ илэрхийлнэ үү хэмээн хүсэж байна. Үйлчлүүлэгч та хүн болон ширээ хоорондын зайгаа барин халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж биднийг дэмжинэ гэж итгэж байна" гэжээ.