БНСУ-ын профессорууд Монгол оюутны бичсэн дипломын ажлыг өөрсдийн нэрээр сольж, хэвлүүлсэн байжээ

БНСУ-ын профессорууд Монгол оюутны бичсэн дипломын ажлыг өөрсдийн нэрээр сольж, хэвлүүлсэн байжээ

БНСУ-ын Чонбукийн үндэсний их сургуулийн профессор А гэгч, Монгол оюутны бичсэн дипломын ажлыг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өөрийн нэрээр хэвлүүлсэн тухай мэдээлэл саяхан тус улсын хэд хэдэн мэдээллийн сайтад нийтлэгдлээ.

-МОНГОЛЫН ИРГЭН Б ЭНЭ ТАЛААР САЯХАН ОЛЖ МЭДСЭН ГЭЖЭЭ-

Тодруулбал, Монгол Улсын иргэн Б 2013 онд “Цэцэг илрүүлэх алгоритм ашиглан мандарины ургацыг урьдчилан таамаглах шинэ арга техник” сэдвээр диплом бичжээ. Улмаар 2013 оны наймдугаар сард олон улсын академик сэтгүүл болох “Олон улсын хэв маягийг таних, хиймэл оюун ухааны сэтгүүл” (IJPRAI) -д дипломын ажлаа хэвлүүлсэн байна. Гэвч үүнээс сарын дараа буюу 2014 оны 4-р сарын 16-ны өдөр Монгол оюутан Б-ийн зөвлөх багшаар ажиллаж байсан Чонбукийн үндэсний их сургуулийн профессор А уг олон улсын сэтгүүлд “Б-ийн нэрийг хасаж”, өөр профессорын нэрээр солих хүсэлт бүхий и-мейл илгээжээ.

И-мейлийн дагуу эрдэм шинжилгээний ажлыг бичсэн Монгол Улсын иргэн Б-ийн нэрийг хамтран зохиогч төдийгүй анхлан зохиогчоос хассан байна. Энэ тухай Б саяхан олж мэдсэн талаараа тус улсын “ohmynews” сайтад мөн ярилцлага өгчээ.

Уг ярилцлагад “Б нь 5 дугаар сарын 31-ний өдөр Жоллабук-до мужийн Жонжү хотод манай сурвалжлах багтай уулзлаа. Энэ үеэр тэр коллежид хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байхдаа мандарины ургацын талаар дипломын ажил бичих санаагаа олж байсан талаараа бидэнд ярьсан. Мөн докторын зэрэг хамгаалах дипломын ажлаа нэг жилийн хугацаанд бичсэн бөгөөд энэ хугацаанд маш хүнд хэцүү замыг туулсан талаараа ярьж, уйлсан юм” гэжээ. Энэ талаар Б “Би мөнгөгүй байсан тул найзынхаа гэрт түр амьдардаг байсан. Дипломын ажил бичих хугацаанд бараг гурван сар тутамд нүүж явсаар эцэст нь цагийн ажил хийдэг байсан ресторандаа хүртэл амьдарсан” гэж ярьжээ. 

"IJPRAI" сэтгүүл рүү зохиогчийн нэрийг солиулах хүсэлт илгээсэн и-мейл

-ДИПЛОМЫН АЖЛЫН НЭРИЙГ СОЛЬСОН А-Д ХОЁР САРЫН ЦАЛИН ХАСАХ ШИЙТГЭЛ НОГДУУЛЖЭЭ. ХАРИН БУСАД ПРОФЕССОРУУД ТҮҮНИЙГ ХАЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА-

Дипломын ажлын хамтран зохиогчоор Б-ийн зөвлөх профессороос гадна БНСУ-ын гурван профессорын нэрийг бичүүлсэн байна. Үүнд Б-ийн зөвлөх профессор А-ийн дүү болох Х гэгч/Чонбукийн үндэсний их сургуулийн профессороор ажилладаг/, Гогурёогийн Их Сургуулийн профессор Г, Вонквангийн Их Сургуулийн профессор С нар багтжээ.

Энэ талаар Монголын иргэн Б “Би судалгаа хийж байхдаа хамтран зохиогчоор нэрээ бичүүлсэн гурван хүний царайг нэг ч удаа харж байгаагүй. Тэр ч байтугай утсаар ярьж, и-мейл хүлээн авч, илгээж ч байгаагүй. Анх олон улсын сэтгүүлд дипломоо хэвлүүлэхдээ тэмдэглэлдээ зөвлөх профессор А-ийн нэрийг л оруулсан. Харин Х, Г, С нарыг огт дурдаагүй” гэжээ.

Б уг хэргээр шүүхэд хандсан байна. Улмаар шүүхээс профессор А-г өнгөрсөн тавдугаар сарын 14-нд “2013 онд зохиогчийн нэрийг сольсон” үндэслэлээр яллажээ /яллах дүгнэлтийг нийтлэлд дурдаагүй/. Гэвч  Чонбукийн үндэсний их сургуулийн сахилгын хорооноос профессор А-д “хоёр сарын цалин хасах” шийтгэл л ногдуулсан байна. Харин уг хэрэгт нэр холбогдсон профессор С-ийн хэргийг Вонквангийн Их Сургуульд шилжүүлжээ.

Үүгээр ч зогсохгүй Профессор А, өөрийн шавь болох Б-ийн нэрээр данс нээлгэж, өмнөөс нь сургуулийн тэтгэмж авсан байж болзошгүй гэх хэргийг мөн Авлигатай тэмцэх газар, Иргэний эрхийн комиссын гаргасан хүсэлтийн дагуу цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Энэ талаар Б "Би хэзээ ч докторын зэрэг, докторын дараах судлаачийн хувиар тэтгэлэг авч байгаагүй" гэжээ.

Зохиогчид өөр гурван хүнийг оруулах хүсэлт илгээж байжээ

Уг хэргийн талаар өнгөрсөн оны гуравдугаар сард Чонбукийн үндэсний их сургуулийн Компьютерийн шинжлэх ухаан, тэнхимийн профессорууд дээр нэр дурдсан Х /Б-ийн зөвлөх профессороор ажиллаж байсан А-ийн дүү/-ийн доктор хамгаалах ажилд шалгалт хийж байх явцдаа мэджээ. Улмаар нэр холбогдсон профессоруудын зөрчлийн талаар Боловсролын яаманд мэдээлсэн байна. Мөн одоо тус тэнхимийн 16 профессорын 14 нь Их сургуулийн оюутны зөвлөлтэй хамтран профессор А-г албан тушаалаас нь огцруулж, “Боловсролын яамнаас тусгай шийтгэл оногдуулахыг уриалж” байгаа аж.

Энэ тухай Чонбукийн үндэсний их сургуулийн Компьютерын шинжлэх ухаан, тэнхимийн нэгэн профессор “Профессор А 2014 онд Монгол оюутан Б-ийн дипломын ажлыг “дээрэмдээд” зогсохгүй дипломын ажилд огт оролцоогүй өөрийн холбоотон бүхий хүмүүсийн нэрээр сольсон байна. Мөн өөр 20 гаруй оюутны дипломын ажлын нэрийг ч сольсон байж болзошгүй гэсэн хардлага байна. Иймээс бид бусад оюутныг хамгаалахын тулд  Чонбукийн үндэсний их сургуулийн захиралд профессор А-г албан тушаалаас нь нэн даруй чөлөөлөх шаадлага хүргүүлсэн” гэжээ.

Эх сурвалж: Ohmynews