Д.Трамп коронавирусийг Ухань хотын лабораторид бүтээсэн гэж мэдэгдэв

Д.Трамп коронавирусийг Ухань хотын лабораторид бүтээсэн гэж мэдэгдэв

Дональд Трамп өнгөрсөн жил АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа коронавирусийг лабораторид хүний гараар бүтээсэн хэмээн удаа дараа мэдээлж байсан билээ. Тэгвэл тэрбээр ерөнхийлөгчийн суудлаас буусан ч уг үзэл бодолдоо үнэнч хэвээр байна.

Тодруулбал, Д.Трамп бямба гарагийн орой/2021.06.25/ АНУ-ын Огайо хотод болсон жагсаалын үеэр өөрийнх нь үзэл баримтлал зөв байсан гэж мэдэгдэж, “коронавирусийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр Хятадын Ухань хотод лабораторид бүтээсэн” гэдэгт итгэж байгаагаа хэлсэн байна. Түүний хэлсэн үгийг жагсаалд оролцсон хүмүүс дэмжиж, Трампын зөв хэмээн алга ташицгааж байжээ.

Хэдхэн сарын өмнө “Вашингтон Пост”, “Нью Йорк Таймс” болон томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын тэргүүлэх сэтгүүлчид вирус лабораториас алдагдсан онолыг үл тоомсорлож байсан. АНУ-ын эрдэмтэд ч мөн адил. Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад ажилладаг олон улсын эрдэмтдийн баг энэ оны эхээр Ухань руу судалгаа хийж “вирус лабораториас алдагдсан байж болзошгүй” тухай ярьж эхэлсэн.

Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден вирусийн гарал үүслийг олж тогтоохыг Тагнуулын албадаа даалгасан билээ. Тайлангийн үр дүнг энэ зуны эхээр танилцуулна гэсэн хүлээлттэй байна.

Эх сурвалж: BBC