Их Британийн Батлан хамгаалах яамны нууц баримт, бичиг автобусны буудлын ойролцоох шаварнаас олджээ

Их Британийн Батлан хамгаалах яамны нууц баримт, бичиг автобусны буудлын ойролцоох шаварнаас олджээ

Энэ сарын 22-ны өдөр Английн зүүн өмнөд хэсэгт орших Кент хотын автобусны буудлын ойролцоох шавар дотроос 50 хуудас бүхий Их Британийн Батлан хамгаалах яамны нууц бичиг баримт олджээ. Уг нууц баримт бичигт ОХУ-ын хилийг зөрчиж, гал нээсэн “HMS Defender” байлдааны хөлөг онгоц, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын армитай холбоотой маш нууц зүйлсийн дурдсан байжээ.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт “HMS Defender” хөлөг онгоц Крымийн хойгийн дэргэдүүр өнгөрч Украины усанд хүрэхэд ОХУ-ын талаас үзүүлж болзошгүй олон хариу үйлдлийн талаар авч хэлэлцсэн эрх баригчдын хурлын тэмдэглэл, АНУ, НАТО-ын цэргүүд Афганистаныг орхисны дараа Нэгдсэн Вант улс цэргийн тусламж үзүүлэх талаар төлөвлөгөөг бичсэн байжээ. Улмаар уг нууцын зэрэглэлд хамаарах бичиг баримтууд ямар замаар алдагдаж, Кентэд хүрснийг шалгах багийг томилсон байна.

Батлан хамгаалах яамны нэг ажилтан нууц бичиг баримтаа алдсан талаар өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан аж. Нууц бичиг баримтыг энгийн иргэн олж цагдаагийн газарт мэдэгджээ.  

Сөрөг хүчний "Лэйбор" намынхан үндэсний аюулгүй байдалд хор хохирол учирсан эсэх талаар мэдээлэл өгөхийг Борис Жонсоны засгийн газраас шаарджээ.

Дээрхээс гадна тус бичиг баримтад Нэгдсэн Вант улс Европтой өрсөлдөх зэвсгийн экспортын кампанит ажил зэрэг салбаруудын тухай бичжээ. Түүнчлэн энэ сарын 14-нд Их Британи, АНУ-ын хооронд болсон батлан хамгаалахын яриа хэлэлцээний товч танилцуулга, тэр дундаа Ерөнхийлөгч Жо Байден албан тушаалаа хүлээн авснаас хойш эхний саруудад хийсэн ажлуудын талаар ажиглалт багтсан байна.

Тэгэхдээ Нэгдсэн Вант улсын тал Жо Байденг Хятад, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт анхаарлаа хандуулсаар байгаа нь өмнөх засаглалын бодлогыг үргэлжлүүлж буй явдал гэж дүгнэсэн байна.

"Лэйбор" намын сүүдрийн засгийн газрын батлан хамгаалахын сайд Жон Хили “Үндэсний аюулгүй байдалд хамаатай нууц бичиг баримт алдагдсан явдал нь ичмээр бөгөөд санаа зовоосон асуудал юм. Засгийн газар үүнээс үүдэлтэй үндэсний аяулгүй байдалд хор хохирол учирсан эсэх, цэрэг дайны ажиллагаанд нөлөөлсөн эсэх, дахин ийм алдаа доголдол гаргахгүй байж чадах эсэх талаар ард иргэдэд мэдээлэл өгөх шаардлагатай” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC