СУДАЛГАА: “АстраЗенека”, “Pfizer” вакциныг хольж хийлгэсэн хүмүүст хүчтэй дархлаа тогтож байна

СУДАЛГАА: “АстраЗенека”, “Pfizer” вакциныг хольж хийлгэсэн хүмүүст хүчтэй дархлаа тогтож байна

Их Британийн эрдэмтэд коронавирусийн халдварын эсрэг хоёр өөр вакциныг хольж тарих нь вирусийн эсрэг сайн хамгаалалт үүсгэж буйг судалгаагаар тогтоожээ.

Туршилтаар “Pfizer”, “AstraZeneca” вакцины бүрэн тунгаа хийлгэсэн хүмүүсийг мөн уг хоёр вакциныг хольж хийлгэсэн хүмүүстэй харьцуулж, дархлааны хариу урвалын түвшинг судалсан байна. Туршилтад 50 ба түүнээс дээш насны 850 хүн сайн дураар хамрагдсан бөгөөд вакцины нэгдүгээр тунгаас хойш дөрвөн долоо хоногийн зайтай хоёрдугаар тунг хийж дархлааны хариу урвалыг судалж үзэхэд дараах үр дүн гарчээ. Үүнд:

  1. Эхний тунгаар “АстраЗенека”, хоёр дахь тунгаар “Pfizer” хийхэд эхний тунгаар “Pfizer”, хоёр дахь тунгаар “АстраЗенека” тарьснаас илүү хүчтэй эсрэг биет тогтож байв.
  2. Уг хоёр вакциныг хольж тарихад “АстраЗенека” вакцины хоёр тунгаас илүү хүчтэй дархлаа тогтоож байв.
  3. “Pfizer”-ийн хоёр тунг хийхэд эхний тунгаар “АстраЗенека”, хоёр дахь тунгаар “Pfizer” хийснээс илүү дархлаа тогтоож байв.

Судалгааны бас нэгэн үр дүн нь “Pfizer”-“Pfizer”, “AстраЗенека”-“Pfizer”, “Pfizer”-“АстраЗенека” гэсэн вакцинуудыг хольж хийх нь ямар ч нөхцөлд “АстраЗенека” вакцины хоёр тунг хийлгэснээс илүү эсрэг биет үүсгэж байжээ. Гэхдээ нь энэ нь “АстраЗенека” вакцин чанаргүй, муу түвшинд дархлаа тогтоож байна гэсэн үг биш юм. Тус вакцин халдвар авсан нөхцөлд эмнэлэгт хэвтэх магадлалыг 90 хувиар бууруулдаг нь судалгаагаар нотлогдсон билээ.

Туршилтын үр дүнг танилцуулсны дараа Их Британийн Эмнэлгийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, профессор Жонатан Ван-Там “Судалгаанаас хамаарч Их Британд хэрэгжүүлж буй ижил тунгийн вакцинжуулалтын хөтөлбөрийг өөрчлөх ямар ч шалтгаан байхгүй. Ижил тунгаар иргэдийг вакцинжуулалх нь хангалттай хэмжээнд дархлаа тогтоож, хүмүүсийн амь насыг аварч байна. Гэхдээ тунгуудыг хольж хэрэглэх нь вакцины хомсдолд орсон зарим улс оронд дэмжлэг болохоос гадна вакцины хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд илүү уян хатан байдлыг бий болгох ач холбогдолтой байж болох юм” гэжээ.

Нөгөөтээгүүр зарим улс орон аль хэдийн холимог тунгаар иргэдээ дархлаажуулж эхлээд буй. Тухайлбал, Испани, Герман услууд АстраЗенека вакцины эхний тунг хийлгэсэн хүмүүст Pfizer, Moderna mRNA вакциныг санал болгож эхэлсэн. Мөн зарим орон гурав дахь тунг ч иргэддээ санал болгож эхлээд байна.

Даваа гарагт/2021.06.27/ хэвлэгдсэн өөр нэгэн судалгаанаас үзэхэд бүрэн тунгаа авснаас зургаан сарын дараа “АстраЗенека” вакциныг гурав дахь тунгаар хийлгэх нь дархлааг сайжруулдаг аж. Гэхдээ шинжээчид нэмэлт тун хийх эсэхийг тогтооход хэтэрхий эрт байна гэж үзэж байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр дархлаа хэр түвшинд буурч болохыг харгалзан, нэмэлт тунг хийх эсэхийг шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

Зүүн Английн их сургуулийн профессор Пол Хантер энэ талаар “Намар дахин нэмэлт вакцин хийх шаардлагатай эсэх нь хамгийн том асуулт болоод байна. Одоогийн судалгаануудаас тухайн хүний нас, биеийн байдлыг хамаарч нэмэлт тун хийх эсэхийг тогтооно гэж таамаглаж байна. Тухайлбал, өндөр настай, архаг суурь өвчтэй хүмүүс вакцины нэмэлт тунг хийлгэх шаардлагатай” гэжээ. Мөн тэрбээр “АстраЗенека” вакцины эхний тунгаа хийлгэсэн хүмүүсийг хоёр дахь тунгаар “Pfizer” хийлгэхийг зөвлөж байна. Ингэснээр “АстраЗенека” вакцины хоёр тунг хийлгэснээс илүү дархлаатай болох аж.

Дээрх туршилтад вакцины тун хоорондын зай дөрвөн долоо хоног байсан нь харьцангуй богино хугацаа гэж эрдэмтэд үзэж байна. Тиймээс 12 долоо хоногийн зайтай холимог тунг хэрэглэх нь хэр түвшинд дархлаа тогтоож буй талаарх судалгааны үр дүнг ирэх сард танилцуулахаар болжээ.

Эх сурвалж: BBC, Ukgov




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө