Манзуширын хийдээс Цэцээ гүн, Зайсан толгой хүртэл агаараар зорчино

Манзуширын хийдээс Цэцээ гүн, Зайсан толгой хүртэл агаараар зорчино

Гурван зуун жилийн түүхтэй Манзушри  хийдийн түүхэн дурсгалт цогцолборыг сэргээн засварлаж,  түүхэн дурсгал, соёл шашин, аялал жуулчлалын төв болгох төслийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг танилцуулах уулзалт өдөрлөг өнөөдөр /2019.08.21/ Монголын архитектурын ордонд боллоо.

Төв аймгийн нутаг дэвсгэрт орших Манзушри хийдийн суурин дээр “Манзушри  цогцолбор” хэмээх аялал жуулчлалын цогцолборыг байгуулахаар болжээ.

Төслийн зөвлөхөөр Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц ажилласан бол төслийг санаачлагч нь УИХ-ын гишүүн М.Энхболд аж.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Манзуширын хийдээс Цэцээ гүний оргил хүртэл 5.6 км, Баруун ширээт хүртэл 6.3 км, Зайсан толгой хүртэл 4.7 км үргэлжлэх нийт 16.6 км  “Cable car” буюу агаарын кабел машины үйлчилгээг нэвтрүүлэхээс гадна явган аяллын амралтын цэгүүдийг байгуулах ажээ. 

Эл цогцолборын нийт төсөвт өртөг нь 270 орчим тэрбум төгрөг бөгөөд улсын төсвөөс 37 тэрбум төгрөг зориулж, бусад бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэх бүрэн боломж байгаа гэв. 

Улсын их хурлын гишүүн, Манзушри  хутагт сангийн тэргүүн, төслийг санаачлагч М.Энхболд “Бид санаачилж санал бодлоо хэлэлцэж, төр засгийн байгууллагуудад хандан аялал жуулчлалын байгууллагуудаас зүгээс сонгон шалгаруулалт явуулж,  “Арчер”  компанийн удирдсан конисферт төслийг сонгон, төслийг өнөөдөр та бүхэнд танилцуулж байна. Энэ төсөл хэрэгжих ажилд хөрөнгийн эх үүсвэр шаардагдах ба түүх, соёлын дурсгалыг дэмжиж ажилладаг олон улсын байгууллагуудад хандах, орон нутгийн болон улсын төсөвт суулгах боломжтой эсэхийг судлах хэрэгтэй байгаа. Төсөл хэрэгжснээр тус цогцолборт газар Монгол Улсын хэмжээнд аялал жуулчлалын онцлог бүс нутаг болж, таван жилийн дотор өртөг, зардлаа нөхөх эдийн засгийн тооцоо гарсан” гэлээ.

Харин төслийн зөвлөх, Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц “Олон эрдэмтэн мэргэд энэ төсөлд оролцож байгаад баяртай байна. Энэ бол жуулчдыг татахад ч тэр, шашин номыг хөгжүүлэхэд ч тэр чухал ажил. Бурхны шашин дэлгэрээгүй улс орон дэлхий дахинд нэг ч байхгүй гэдгийг Завадамдин тэргүүтэй шашны мэргэд тогтоосон байдаг. Монгол Улсад бурхны шашин гурвантаа дэлгэрч байсан баялаг түүх бий. Сүсэгтэн олныгоо дотооддоо татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх цаг болсон” гэв.