Японд согтуу жолооч таван хүүхдийг мөргөснөөс хоёр нь амиа алджээ

Японд согтуу жолооч таван хүүхдийг мөргөснөөс хоёр нь амиа алджээ

Өчигдөр/2021.06.28/ Японы Чиба мужид согтуу жолооч 6-10 насны таван хүүхдийг мөргөж, хоёрынх нь аминд хүрчээ. Хохирогчдын дөрөв нь эрэгтэй, нэг нь эмэгтэй байсан бөгөөд гэмтсэн гурван хүүхдийн биеийн байдал сайнгүй байгаа аж.

Осол орон нутгийн цагаар 15.30 минутын орчим болсон байна. Сэжигтэн ачааны машин унаж явсан бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь шалгалтаар тогтоогджээ. Улмаар цагдаагийн газраас түүнийг баривчлахад хэргээ хүлээсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн У нь Токиод байрлах тээврийн компанид ажилладаг нь тогтоогдсон аж. Ослын дараа тус компанийн ерөнхийлөгч Тацухиро Чинен “ажилтныхаа өмнөөс уучлалт гуйж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасанд туйлын харамсаж байна” гэжээ.  

Эх сурвалж: Japantimes