БНХАУ-ын соёлын өдрүүдийн хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулна

БНХАУ-ын соёлын өдрүүдийн хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулна

Монгол, БНХАУ-ын  хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Улаанбаатар хотноо соёлын өдрүүд зохион байгуулах болсон талаар өнөөдөр /2019.08.21/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Соёлын арга хэмжээ Улаанбаатар хотноо наймдугаар сарын 26-аас ирэх есдүгээр сарын 6-нд зохион байгуулагдана. Энэ үеэр Хятадын 300 гаруй уран бүтээлчээс бүрдсэн баг тоглолт хийхээс гадна спортын тэмцээн, аялал жуулчлалыг сурталчлах өдөрлөг, иргэдийг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулах зэрэг арга хэмжээнүүд болох юм байна.

Соёлын арга хэмжээ Хятад Монголын соёлын салбар дахь харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр улсын хүмүүнлэгийн харилцан солилцоог ахиулах, хоёр орны ард түмний харилцан ойлголцол болон найрамдлыг зузаатгах, Хятад Монголын харилцааны шинэ хөгжилд ахиц гаргахад оршиж байна.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам, Хятадын ӨМӨЗО-ны ардын засгийн газар, Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яам, Улаанбаатар хотын захиргаа, Хятадын ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газар, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран оролцоно.