ТАНИЛЦ: Дэлхий нийтийг түгшээж буй “Дельта Плюс” хувилбар коронавирусийн бусад мутациас юугаараа ялгаатай вэ

ТАНИЛЦ: Дэлхий нийтийг түгшээж буй “Дельта Плюс” хувилбар коронавирусийн бусад мутациас юугаараа ялгаатай вэ

“Халдварлах чадвар өндөр” гэж таамаглаж буй “Дельта Плюс” эрдэмтдийн санааг зовоож эхэллээ. Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлж буйгаар “Делта Плюс” Их Британи, АНУ, Энэтхэг  тэргүүтэй дэлхийн 11 оронд аль хэдийн тархаж, 200 гаруй хүн уг мутациар өвчилжээ.

Өндөр хөгжилтэй орнуудын хүртэл анхаарлыг татаж буй уг шинэ омгийг B.1.617.2.1 буюу AY.1 – “Delta Plus” гэж нэрлэсэн бөгөөд Энэтхэгт өнгөрсөн хоёрдугаар сард анх бүртгэгдсэн "Делта" хувилбараас үүссэн мутаци юм. Уг мутацийн талаар Их Британийн Засгийн газрын эрүүл мэндийн агентлаг болох “Public Health England” зургадугаар сарын 11-нд анх мэдээлсэн боловч тус улсад анх дөрөвдүгээр сарын 26-ны өдөр бүртгэгдсэн байж болзошгүй хэмээн эрдэмтэд таамаглаж байна.

Энэтхэгийн засгийн газар уг хувилбарыг “Global Data System”/Дэлхийн мэдээллийн систем/-д мэдэгдсэн бөгөөд геномын шинжилгээнд дээж илгээжээ.

Урьдчилсан байдлаар “Дельта Плюс” нь “Альфа”, “Дельта” гэх мэт бусад хувилбараас илүү халдварлах чадвартай байж болзошгүй гэж эрдэмтэд таамаглаж буй ч судалгаа шинжилгээ дөнгөж эхэлж буй энэ үед үр нөлөөг нь баттай хэлэхэд эрт байна.

Энэтхэгт Дельта Плюс хувилбарын 48 тохиолдол бүртгэгдэж, уг мутациар өвчилсөн нэг хүн нас баржээ

-ДЕЛЬТА ПЛЮС COVID-19 БУСАД ХУВИЛБАРААС ЮУГААРАА ЯЛГААТАЙ ВЭ-

Аливаа вирус байнга өөрчлөгдөж, хувьсаж байдаг. Өөрчлөлтийн явцад зарим вирус энгийн вирусээс илүү халдварлах, эсвэл илүү үржих чадвартай болдог. Харин зарим нь ямар ч “хүчгүй” болдог. Өнөөдрийг хүртэл дэлхийн хэмжээнд коронавирусийн 160 орчим омог тархаад байна. Эдгээрээс дэлхийн нийтийн хамгийн их санаа зовоож буй хувилбар бол "Дельта" юм.

Европын Өвчнөөс Урьдчилан сэргийлэх, хянах төв (ECDC)-ийн мэдээлснээр Дельта нь Альфа хувилбараас 40-60 хувиар илүү хүнээс хүнд вирусийг дамжуулах чадвартай аж. Уг хувилбар ДЭМБ-ын анхаарлыг ч татаж байна.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебресиесус зургадугаар сарын 25-ны өдөр “Дэлхийн нийтээр “Дельта” хувилбарын тархалтад маш их санаа зовж байгааг би мэднэ. ДЭМБ ч үүнд санаа зовж байна. Уг хувилбар нь одоогоор бидэнд мэдэгдсэн мутациудаас халдварлах чадвар хамгийн өндөр нь” гэв.

Тэгвэл дэлхий нийтээр сэрэмжилж буй “Дельта” хувилбараас мутацилагдсан “Дельта Плюс” нь коронавирусийн бусад хувилбараас юугаараа ялгаатай вэ. “Дельта Плюс” нь “Дельта” хувилбараас нэг зүйлээрээ ялгаатай. Энэ нь K417N хэмээх нэмэлт мутаци юм. Энэхүү мутаци нь вирусийн баяжуулалтын уурагт нөлөөлдөг.

Гэхдээ уг K417N гэх мутаци нь цоо шинэ зүйл биш. Тодруулбал, Лондонгийн Их Сургуулийн Коллежийн (UCL) генетикийн хүрээлэнгийн захирал Франсуа Баллогийн хэлснээр “K417N нь хэд хэдэн вируст өмнө нь ажиглагдаж" байжээ. Тухайлбал, уг мутаци Катарт 2020 оны 3-р сард бүртгэгдсэн омогт илэрч байсан бөгөөд өнгөрсөн намар Өмнөд Африкаас анх илрүүлсэн Бета хувилбарт ч мөн ажиглагдаж байсан аж.

Энэтхэгийн засгийн газрын харьяа Ковид-19 Геномын дарааллыг тогтоох байгууллагын мэдээлснээр “Дельта Плюс” хувилбар нь хүнээс хүнд халдварлах чадвар өндөр, уушгины эсийн рецептортой илүү гүн холбогддог, эсрэгбиеийн хариу урвалыг бууруулах зэрэг хэд хэдэн түгшүүртэй шинж чанар ажиглагдаж байна.

Хамгийн том асуулт нь одоо гарч буй вакцинууд уг мутацид нөлөөлөх эсэх. Мутаци вакцины үр дүнд ямар нөлөө үзүүлж болох нь хараахан тодорхойгүй байна. Лестерийн их сургуулийн амьсгалын замын шинжлэх ухааны профессор Жулиан Танг уг хувилбар нь "вакцинаас зугтах шинж чанартай” байж болзошгүйг анхааруулав.

Гэхдээ мутацитай холбоотой зүйлсийг эцэслэн тодорхойлох хангалттай түвшний баримт, нотолгоо хараахан гараагүй байгаа тул ихэнх мэргэжилтэн дүгнэлт хийх асуудалд болгоомжтой хандаж байгаагаа илэрхийлж буй. Дүгнэлт хэлэх эрт байгаа тул шинжээчид олон нийт, засгийн газруудад “сэрэмжтэй, тайван байхыг” анхааруулж байна.

Эх сурвалж: CNN