Б.Баатар: Оюуны өмчийг зөрчсөн болон зөвшөөрөлгүй ашигласан зүйл байхгүй

Б.Баатар: Оюуны өмчийг зөрчсөн болон зөвшөөрөлгүй ашигласан зүйл байхгүй

Үндэсний их баяр наадмын нээлтэд зориулсан "Би Монгол хүн" цахим концертийг Херо энтертайнментийн захирал Б.Баатар найруулахдаа оюуны өмчийг зөрчсөн байж болзошгүй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ асуудлаар найруулагч Б.Баатар өөрийн цахим хуудастаа тайлбар хийсэн байна. Тэрээр, "Энэхүү бүтээлийг бүтээх явцад аль нэг оюуны өмчийг зөрчсөн болон зөвшөөрөлгүй ашигласан зүйл байхгүй! Энэ зэргийн Анимэйшн хийгээд байгаа залуустай байгаадаа баярлах хэрэгтэй бид  хэмээн бичжээ. 

Мөн тус анимейшнийг хийсэн уран бүтээлчдийн багийн зүгээс тайлбар хийжээ. Тэд, "Манай улсын дижитал уран бүтээлчид сүүлийн жилүүдэд маш хурдтай суралцаж, хөгжиж олон улсын дижитал контентын хөгжилд хувь нэмрээ оруулж гадны уран бүтээлчидтэй зэрэгцэн ажиллаж байна. Эдгээр чадварлаг, авьяаслаг уран бүтээлчдийн төлөөллүүдтэй хамтран ажилласан бөгөөд уг  бүтээлд дүрслэгдэж буй түүхэн хүмүүсийн дүрүүд тэдгээрийн хувцас ,техник, зэвсэг хэрэгсэл, орчинг зэргийг бүхэлд нь 3D програмыг ашиглан маш богино хугацаанд буюу 19 хоногт багтаан бүтээсэн байна. Бид Ардын хувьсгалын 100 жилийн ойд хүндэтгэн бүтээсэн гурван хэмжээст анимэйшн бүтээлийг бүтээхдээ зохиогчийн эрхтэй програм хангамжуудыг ашиглахаас гадна, Герман улсын Rebusfarm болон Сингапур улсын IRender-т онлайнаар рэндэрлэж боловсруулсан болно. Энэхүү бүтээлийг бүтээх явцад аль нэг оюуны өмчийг зөрчсөн болон зөвшөөрөлгүй ашигласан зүйл байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" хэмээжээ.