ВИДЕО: Олимпод оролцох сагсан бөмбөгийн 3x3 -ын багт "САЙД"-ын хүүхэд алга

ВИДЕО: Олимпод оролцох сагсан бөмбөгийн 3x3 -ын багт "САЙД"-ын хүүхэд алга

Монгол улс "Токио 2020" олимпын наадамд анх удаа сагсан бөмбөгийн 3x3 төрлөөр оролцохоор болсон. Энэ нь сүүлийн жилүүдэд тус спортын төрөл амжилттай хөгжиж, манай улсын баг тамирчид Дэлхийн шилдэг багтах болсонтой холбоотой гэж байгаа юм. 

Тухайлбал, манай улсын эмэгтэй баг сагсан бөмбөгийн 3x3 төрлийн Дэлхийн шилдэг найман багт ордог. Улмаар олимпд оролцох эрхээ авсан эмэгтэй багийн тамирчид энэ сарын 16-ны өдөр Япон улсыг зорьсон билээ. Гэтэл энэ долоо хоногийн эхээр Дархан-Уул аймгийн тамирчид болох Д.Ганзул болон Б.Болор-Эрдэнэ нарыг Япон улс руу олимпд оролцуулахаар авч явсан ч тэднийг "гадуурхаж" тус улсын нэгэн жижиг хотод орхиж, үндсэн тоглолтод сайд, дарга нарын охидыг оролцохоор авч явсан гэх хачирхалтай мэдээлэл иргэдийн дунд тархсан.

-ҮНДСЭН ТОГЛОГЧИД ДОТОР "САЙД"-ЫН ХҮҮХЭД АЛГА-

Учир нь Дархан-Уул аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Н.Батлав, “Олимпын наадамд манай аймгаас төрөн гарсан хоёр чадварлаг тамирчинг хасаж оронд нь хэдхэн жилийн туршлагатай, сайдын хүүхдүүдийг оруулсан сураг байна” гэх утгатай зүйлийг ярьсан нь тус асуудал хүндэрч иргэдийн дунд буруу ташаа мэдээлэл тархан, хооронд нь талцуулах болсон юм.

Иймд бид үндсэн тоглолтод оролцох дөрвөн тамирчдын эцэг, эх нь ямар хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байдаг талаар эх сурвалжуудаас тодрууллаа. Тодруулбал, Үндсэн тоглогчоор сонгогдсон Б.Солонго, Э.Чимэддолгор, О.Хулан нарын эцэг, эхчүүд нь "ямар нэг улс төрийн өндөр албан тушаал хашдаггүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд байдаг" талаар тэдний ойрын хүмүүс мэдээлэл өгч байна.

Харин М.Цэрэнлхамын аав Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан байж болзошгүй байна. 

Гэсэн хэдий ч Үндсэн тоглогчдыг сонгохдоо, "дарга, сайдын хүүхэд гэсэн шалгуур тавиагүй" гэх ба харин олимпын бэлтгэл сургуулилтдаа хэр хамрагдсан, сэтгэл зүйн байдал нь ямар байгаа зэргийг харгалзаж сонгосон талаар эх сурвалжууд мэдээлж буй юм. Тодруулбал, тус наадамд оролцохоор сонгогдсон үндсэн дөрвөн тамирчны хувьд Олимпын наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах 3х3 холбооны журмыг бүрэн хангаж байсан гэх ба харин Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нарын хувьд олимпын бэлтгэлдээ муу хамрагдаж байсан байж болзошгүй байна.