Самранд яваад сураггүй алга болсон иргэдийг хайхаар 21 хүний бүрэлдэхүүнтэй баг хөөрлөө

2021-07-22 16:50

Самранд яваад сураггүй алга болсон иргэдийг хайхаар 21 хүний бүрэлдэхүүнтэй баг хөөрлөө

Өнгөрсөн гуравдугаар сард самранд яваад энэ долдугаар сарын эхээр сураггүй болсон дөрвөн иргэнийг хайхаар болсон талаар болон бид өмнө мэдээлсэн. Тэгвэл алга болсон иргэдийн ар гэрийнхний хүсэлтийн дагуу ЗХЖШ-ын 303 дугаар ангиас МИ-171 онгоц гаргаж, 21 хүний бүрэлдэхүүнтэй баг эрэн хайхаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багын Эрээн гол руу хөөрчээ. Тус явах бүрэлдэхүүнд эрэн хайх газар луу явж байсан туршлагатай гэгдэх хоёр самарчин хамт явж, замчлан гэжээ.

Энэхүү онгоц өнөөдөр /2021.07.22/ 09:00 цаг орчимд нисэх төлөвтэй байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж нислэгийг хойшлуулан саяхан хөдөлсөн байна. Бид хэргийг дахин тодруулан эргэн мэдээлэх болно. 

2021-07-22 12:22

ЭХ СУРВАЛЖ: Эрлийн багт шүхрийн бүлэг явах бөгөөд нисдэг тэрэг Улаанбаатарт буцаж ирж, шатахуун авна

Өнгөрсөн гуравдугаар сард Сэлэнгэ аймгийн нутаг руу самар түүхээр явсан 14 иргэний дөрөв нь сураггүй алга болж, ар гэрийнхэн нь хөөцөлдсөний эцэст ЗХЖШ-ын 303 дугаар анги салбарынхан МИ-171 нисдэг тэрэг хөөргөхөөр болсон билээ.

Тэгвэл энэхүү онгоц нь өнөөдөр /2021.07.22/ 16:00 цаг орчимд хөөрөх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд одоогоор шүхэрчдийн бүлэг явж, эрэн хайх ажиллагааг хийх аж. Мөн ангийн удирдлагын баг болон шүхэрчдийн багууд Сэлэнгэ аймгийн Бугант сумын "Эрээн гол"-ын орчимд шүхэрчдээ хаана буулгах зэрэг эрэн хайх төлөвлөгөөг боловсруулж хуралдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

МИ-171 нисдэг тэргийн хувьд 18-24 хүний багтаамжтай бөгөөд зургаан цаг орчим нисээд Улаанбаатарт буцаж ирж, шатахуун сумлах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Учир нь эх сурвалжийн мэдээлж буйгаар “МИ-171 онгоц нь 6 тонн орчим шатахууны багтаамжтай ба нэг цагт 1 тонн орчим түлш зарцуулдаг байна. Иймд Улаанбаатар хөөрч Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр хүрэхэд нэг цаг орчим хугацааг зарцуулж, ингээд сураггүй алга болсон иргэдийг хайхад гурван цаг, буцаад нийслэлд ирэхдээ нэг цагийг зарцуулна гэж тооцож ажиллаж байгаа” гэсэн юм.

Мөн алга болсон иргэд ОХУ-ын хилээс 6 км-ын наана байгаа гэсэн таамаг байгаа бөгөөд хэрэв дахин эрэн хайх ажиллагааг зохион байгуулбал буцаж Улаанбаатарт ирээд шатахуунаар сумлана гэсэн үг юм.

2021-07-22 11:06

Самарт яваад сураггүй алга болсон иргэдэд зориулсан хандивыг зогсоолоо

Өнгөрсөн гуравдугаар сард Сэлэнгэ аймгийн Бугант сумын Эрээн гол гэх газар руу самар түүхээр явсан 14 иргэний дөрөв нь сураггүй алга болж, өнөөг хүртэл олдоогүй бөгөөд иргэдийн ар гэрийнхэн нь хувийн онгоц түрээслэн таван удаагийн эрэл хайгуул хийсэн боловч сураг гараагүй билээ. 

Иймд иргэдийн ар гэрийнхэн нь төрийн байгууллагуудад хандаж өнөөдөр ЗХЖШ-ын 303 дугаар ангийн МИ-171 онгоц нисэхээр болсон юм. Онгоцыг хөөргөхөд 20 сая төгрөгийн зардал гарах ба иргэдээс хандив цуглуулж одоогоор 11 сая төгрөг хүрээд байгаа аж.  Харин хандиваар цугларснаас үлдсэн зардлыг Монголын самрын кластер” ТББ даахаар болжээ. Иймд хандив өгсөн иргэдэд баярласан талархсанаа илэрхийлж хандиваа зогсоохоор болсон байна.