Г.Алтаншагай: Хүмүүсийн биенээ сошиолд доромжилдог байдлыг шүүмжилж бичлэг хийсэн

Г.Алтаншагай: Хүмүүсийн биенээ сошиолд доромжилдог байдлыг шүүмжилж бичлэг хийсэн

Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагай болон Ц.Ганбаяр нар саяханы нэг өдөр Багшийн дээдэд байрлах “Төгөлдөр” төвийн үүдэнд машинаасаа хог хаяж, үүнийг нь харсан ТҮК-ийн ажилтан шаардлага тавихад эсэргүүцэн гар хүрсэн гэх мэдээлэл видео бичлэгийн хамт интернэтээр тархаад буй.

Тэгвэл энэхүү сенсаац нь Мөрөөдлийн театрын хамт олны “Галзуу хот” хэмээн удахгүй үзэгчдийн хүртээл болох шоу драмын зохион байгуулалттай  маркетингийн ажил гэх тайлбарыг тус хамтлагийн зүгээс өгөөд байгаа юм.

Харин олон нийтийн зүгээс жүжигчин Г.Алтаншагай болон Ц.Ганбаяр нарыг хийсэн үйлдлээ далдлахын тулд дээрх үйл явдлын дараа жүжигчин Л.Сөрөлтийг авчран ТҮК-ийн ажилтны хувцсыг өмсүүлж зургийг нь авсан гэж ярьж байгаа юм.

Тэгвэл уг асуудлыг тодруулахаар Мөрөөдлийн театр хамтлагийн жүжигчин Г.Алтаншагайтай холбогдлоо.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд тарсан бичлэгтэй холбоотойгоор та бидэнд мэдээлэл өгнө үү?

-Тайлбар бичлэгүүд удахгүй явна. Тэгэхээр бүх зүйл тодорхой болно. Ер нь бол энэ сарын 28-ны өдрөөс тоглогдох “Галзуу хот” тоглолтын пи ар, маркетингийн ажил юм. ТҮК-ийн ажилтан нь манай жүжигчин Л.Сөрөлт .

-ТҮК-ийн ажилтанд сөрөг хандлага гаргасан бичлэгийг олон нийтэд тараасан шалтгаан нь юу вэ?

-ТҮК-ийн ажилчдын ажилд хүндэтгэлтэй хандаарай, хогоо битгий хая, ийм үйлдэл гаргадаг хүн муухай харагддаг юм байна шүү гэх гэх ойлголтыг олон нийтэд өгөх зорилготой юм. Ийм утгатай реклам ч удахгүй гаргана. Мөн мэдээллийг албан ёсны эх сурвалжийн тайлбаргүй хүлээн авч, шууд өөрийн өнцгөөс харж итгэх цааш нь тараадаг хүмүүсийг шүүмжилсэн санааг давхар илтгэхийг хүссэн. Бүх зүйлийн цаад утга учрыг мэдээгүй байж мэдээлэлд өнгөцхөн хандах нь ямар аюултайг харуулж байгаа юм. Манай “Галзуу хот” драм энэ сарын 28-ны өдрөөс тоглогдох юм.

-Л.Сөрөлт ТҮК-ийн ажилтан болохдоо яагаад маск зүүсэн юм гэх шүүмжлэл байсан?

-Хүмүүст таниулахгүйн тулд маск зүүлгэх шаардлагатай шүү дээ.

-“Галзуу хот” шоу драмын тухай та мэдээлэл өгнө үү?

-“Галзуу хот” шоу драмаараа хотын соёлын тухай мэдээллийг хүмүүст өгөхийг хүсч байгаа. Их хотод хүмүүс яаж амьдрах ёстой, соёлжилт, биенээ хүндэтгэх соёл, сошиолаар биенээ доромжилдог зэрэг байдлыг уг жүжгээр үзүүлэхийг зорьж байна. Бичлэг дээр гардаг үйлдлийг ч мөн жүжгээр үзүүлнэ.