ТОДРУУЛГА: Дүүг маань олчихлоо гэж худал дуудлага хийсэн хүмүүс ч байна

ТОДРУУЛГА: Дүүг маань олчихлоо гэж худал дуудлага хийсэн хүмүүс ч байна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо “Зүрх” уул гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй иргэн төөрсөн тухай дуудлагыг энэ сарын 19-ний /2021-07-19/ өдрийн 23:32 цагт ОБЕГ хүлээн авсан. Түүнийг эрэн хайх ажиллагаа одоог хүртэл найм дахь өдрөө үргэлжилсээр байгаа юм.

Сураггүй алга болсон иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г эрэн хайх ажиллагааг “Зүрх” уулыг тойрч 50 км-т, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салааны арын мод, Бумбат-ын рашааны ойр орчмоор 5 км-т, мөн Зүүн салааны Билгүүний-Ам, Яргайтын-Ам гэдэг газарт 20 км-т тус тус явганаар хайжээ. Эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн эхний гурван өдөр Онцгой байдлын алба хаагчид ажилласан. Харин одоогоор цагдаагийн байгууллага ажиллаж буй.

Иймээс бид иргэн Н-ын эгч С.Ариунаагаас тодруулга авсан юм.

''Одоогийн байдлаар дүүг маань олох ажилд ямар нэгэн урагшилсан зүйл алга. Цагдаагийн байгууллагаас бидэнд хаанаас сураг гарсан талаар огт мэдээлэл өгөхгүй байгаа. Хяналтын камераар сураг гаргая гэхэд ихэнхи камер нь ажиллахгүй байна. Ажиллаж байгаа нь гэхэд хариуцсан хүн нь мөд ирэхгүй, ирсэн ч компьютер эвдэрсэн, хард диск эвдэрсэн гэх шалтгаанаар камер шүүх боломжгүй болоод байгаа. Энд сураг дуулдлаа, тэнд харлаа гэсэн дуудлагын дагуу гүйхээрээ очиход нэг бол камер байдаггүй, байсан ч ажилладаггүй, ажилласан ч бичлэгийг нь гүйлгэж үзэх ямар ч нөхцөл юм билээ. Энэ чинь хэддүгээр зуун билээ дээ. Хөгжлийн бэрхшээлтэй, бие нь амархан муудах хүн алга болчихоод байхад замын камер нь ажиллахгүй байна гэдэг үнэхээр харамсалтай байна.

Замын камер нь ажиллахгүй ч торгууль бичдэг камер нь ажилладаг юм байна.

Дүүг маань хайж байх явцад зарын дагуу холбогдсон зарим хүмүүс тоглоом шоглоом хийж, хуурамч дуудлага өгсөн тохиолдол ч гарсан. Энэ хүмүүс гомдолтой байгаа. Ийм зүйлээр тоглож болохгүй шүү дээ.

Бид дүүгээ олох гэж, эрэл сураг гаргах гэж үзмэрчид ч очсон. Гудамж талбайд тараах материал ч тараасан. Автобусанд суугаад явсан байж магадгүй гэж үзээд автобусны жолооч бүрээс асууж сураг гаргах оролдсон. Хүн их суудаг тухайн чиглэлийн автобусанд зурагт хуудсаа наая гэсэн ч автобус баазууд зөвшөөрөөгүй ээ.           

Хамгийн гол нь миний дүү өөрийгөө илэрхийлэх чадамж муу, унаж татдаг өвчтэй учир энд тэнд уначихсан байвал хүмүүс гудамжны архичин гэж бодоод тоохгүй явчихсан байх вий гэдгээс айж байна. Өмнө нь гудамжинд унасан хүн бүрийг тасраад унасан архичин л гэж боддог байснаа нуухгүй ээ. Хүн өөрт нь л зовлон тулж ирсэн үед бусдыг ойлгодог юм байна. Иймээс дүүг минь харсан, олсон хүн байвал заавал холбогдоорой гэж хүсье гэв.    

Тэрээр алга болох үедээ саарал подволка, хар өмд, саарал малгай, хүрэн углааштай байсан аж.  Мөн гэрийнхэн нь Шаваанаа гэж дууддаг учир энэ нэрээ сайн мэддэг.
Хэрэв энэ хүнийг харсан бол 99091592, 95091166, 95091592 , 80233320 ,99956527 гэх дугаарууд руу залгаарай.

      




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө