УИХ-ын гишүүн С.Одонтуяаг Архангай аймаг руу С.Эрдэнэ ИЛГЭЭСЭН ҮҮ

УИХ-ын гишүүн С.Одонтуяаг Архангай аймаг руу С.Эрдэнэ ИЛГЭЭСЭН ҮҮ

Өнгөрөгч 2020 оны орон нутгийн сонгуулиар Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-д АН олонх болж ялалт байгуулсан. Тэгвэл энэ сарын 20 /2021.07.20/-ны орой 19:00 цагт Архангай аймгийн ИТХ хуралдаж тус аймгийн засаг дарга Д.Золжаргалыг үүрэгт ажлаас нь огцруулах шийдвэр гаргасан байдаг.

Тодруулбал, тус аймгийн ИТХ-ын 14 төлөөлөгч Д.Золжаргалыг засаг даргын албан тушаалаас нь огцруулах саналыг ээлжит бус хуралдаа оруулж хэлэлцүүлсэн байна. Ингээд хуралд оролцсон 39 төлөөлөгчийн 21 нь буюу 53,8 хувь нь тус саналыг дэмжсэн байдаг.

Дээрх 21 төлөөлөгчид дотор 18 нь МАН-аас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч, гурав нь АН-ын төлөөлөгч байсан байгаа юм.

Харин тус асуудалд АН-ын дарга С.Эрдэнэ, “Өнөөдөр үнэхээр Женко хэмээх Эрэлийн намаас орж ирсэн улстөрийн наймаачинд АН- ямар өртэйг гайхаж байна? … Арай ч дээ АН- та нарт ямар өртэй болоод та нар ийм өс хонзон зангидана вэ” гэж Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг буруутгасан.  Тэгвэл УИХ-ын гишүүн С.Одонтуяа Архангай аймагт очоод байгаа аж. Тэрээр энэ үеэрээ, “Архангай аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзаж, намынхаа эв нэгдлийн талаар ярилцаж, 2020 оны орон нутгийн сонгуулийн дүнд байгуулагдсан аймгийн удирдлагуудыг тогтвортой ажиллуулах” асуудлаар гишүүд, дэмжигчидтэй нь уулзалт хийжээ. 

С.Одонтуяа, Д.Золжаргал нарыг С.Эрдэнийн улс төрийн багийн хүмүүс гэдэг. Тухайлбал, 2016-2020 оны хугацаанд С.Эрдэнийн улс төрийн тойрог болох Баянгол дүүргийн засаг даргаар С.Одонтуяа ажилласан байдаг. Харин Д.Золжаргалын хувьд С.Эрдэнийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд байхад нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, мөн УИХ-ын гишүүн, АН-ын дарга байх хугацаанд нь УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргын албан тушаал хашиж байсан нэгэн юм.Иймд Архангай аймагт үүсээд байгаа асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-ын гишүүн С.Одонтуяаг, С.Эрдэнэ явууллаа гэж үзэх иргэд ч байгаа юм.