УИХ-ын зарим гишүүдийг нэр дэвшүүлэхгүй, хэрэг сөхнө гэж сүрдүүлжээ

УИХ-ын зарим гишүүдийг нэр дэвшүүлэхгүй, хэрэг сөхнө гэж сүрдүүлжээ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт багтаан дуусгахаар төлөвлөөд байсан. Гэтэл УИХ-ын гишүүдийн ирц бүрдэж чадахгүй байгаагаас чуулган хуралдаж чадалгүй хоёр хоноод байна. 

-МАН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД ШҮҮХ ЗАСАГЛАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДАХИН САНАЛ ЗӨРӨЛДЖЭЭ-

Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав нь буюу нийт 57 гишүүн хэлэлцэж, санал хураана гэж хуулинд заасан. Гэтэл чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүд оролцохгүй байгаагаас үүдэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг ийнхүү хойшилсоор байна. Өчигдөр МАН-ын бүлгийн дарга  Д.Тогтохсүрэн гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхээр ихээхэн идэвх, зүтгэл гарган ажилласан ч нийт 52 гишүүн л хуралдаанд ирэв. 

Үүнээс УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Х.Болорчулуун, А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, Л.Болд, Н.Номтойбаяр, С.Жавхлан, Ч.Улаан, Б.Жавхлан нар ирээгүйгээс гадна УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд чуулганд оролцоогүй тул ирц бүрдсэнгүй. Гишүүд чуулганы хуралдааны ирц хүрэхгүй байгаа нь хэд, хэдэн шалтгаантай талаар эх сурвалж мэдээлж байгаа юм. 

Тодруулбал, МАН-ын бүлгийн гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн оруулсан УИХ-ын сонгуулийн тогтолцоотой холбоотой санал болон шүүх засаглалтай холбоотой зарим саналыг хүлээж авах эсэхээр санал нэгдэж чадалгүй хоёр хуваагдсан байна.

Тус МАН-ын бүлэг өмнө нь УИХ-ын гишүүнийг 108 , сонгуулийн тогтолцоог холимог болгох саналаар санал хуваагдаж нэгдсэн шийдвэрт хүрч чадалгүй 14 хоносон. Эцэст нь бүлгийн хорьхон гишүүнтэй хуралдаж, УИХ-ын 99 гишүүнтэй байна гэдэг шийдвэрийг гаргаж хуралдаанд суугаагүй бусад гишүүнийг “бүлгийн шийдвэрийг дага” гэж үүрэгдсэнээр асуудал түр намжсан. Гэтэл тэднийг зөрчилдүүлэх санал дахин гарч ирсэн нь шүүхийн засаглалтай холбоотой санал аж. 

МАН-ын бүлгийн зарим гишүүд тэр дундаа У.Хүрэлсүхийн бүлгийнхэн Ерөнхийлөгч Х.Баттулгын оруулсан саналыг дэмжих саналтай бол М.Энхболд болоод зарим гишүүд шүүхийн засаглалтай холбоотой саналыг эсэргүүцэж байгаа аж. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар үндсэндээ Ерөнхийлөгч Х.Баттулгын боловсруулсан санал, хүссэн хувилбараар явж буй талаар гишүүд ярьж байна. 

-МАН-ЫН БОЛОВСРУУЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХУВИЛБАРЫГ ТЭС ӨӨР БОЛГОЖЭЭ-

МАН-ын бүлгийн гишүүд шүүх засаглал, шүүхийн тогтолцоотой заалтаас хариуцлагын хэсгийг авсан, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг анхны боловсруулсан хувилбараас тэс өөр болгосон учир дэмжих боломжгүй гэж байгаа аж. Тодруулбал, шүүгчдийн олонхийг Ерөнхийлөгч томилохоор болгожээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн харьцуулалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан зөвшилцлийн ажлын хэсэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан анхны хувилбарын бараг 60 орчим хувийг өөрчилжээ. “Ингэсэн байхад яаж дэмжих билээ” гэх гомдлыг УИХ-ын гишүүн М.Энхболд бүлгийн хурал дээрээ ярьсан талаар эх сурвалж мэдээлж байгаа юм. Дээрх асуудлаас үүдэн УИХ-ын гишүүд чуулгандаа суухгүй ирц хүрэхгүй байна. Тиймээс өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж дээрх асуудлыг хэлэлцсэн байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлэлж буйгаар чуулганы хуралдаанд суухгүй байгаа УИХ-ын гишүүдийн ЖДҮ тэргүүтэй бусад гэмт хэргүүдийг сөхөж хууль хяналтын байгууллагаар шалгуулна, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж намын удирдлагууд нь сүрдүүлж хуралд нь суулгахаар болсон талаар мэдээлэлж байна. 

Үүнийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү баталж өчигдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ гишүүдийг сүрдүүлж байна хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орж буй зарим заалтуудыг ард түмнээсээ асуухыг шаардаж, мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг улс төрийн тохиролцоо наймааны хэрэгсэл байлгахаа зогсоо” гээд УИХ-ын чуулганы танхимын үүдэнд самбар байршуулсан юм.

МАН- аас сонгогдсон гишүүд УИХ-д хэт олонх энэ үед “Үндсэн хууль”-ийг өөрчлөх нь зөв үү?

Нийт: 248 саналтай