ФАНТАСТИК ПРОДАКШН: “37-р точка” ОАК есдүгээр сарын 07-нд нээлтээ хийнэ

ФАНТАСТИК ПРОДАКШН: “37-р точка” ОАК есдүгээр сарын 07-нд нээлтээ хийнэ

Өнөөдөр Фантастик продакшн удахгүй нээлтээ хийх “37-р точка” ОАК-ныхоо талаар мэдээлэл хийлээ. Нийт хоёр бүлэг, 20 ангитай олон ангит киноны нээлт есдүгээр сарын 07-нд болох аж. Түүнчлэн есдүгээр сарын 09-нөөс эхэлж, тодорхой хэдэн сувгуудаар орон даяар цацагдаж эхлэхийг уран бүтээлчид онцолж байлаа. Үзэгчдэд хүргэх ажлыг “Скайтел” групп болон “Үнэт” продакшн “Ред пойнт” медиа студи хамтран ажиллажээ.

Нийт 200 орчим уран бүтээлч оролцсон бөгөөд нэг анги нь л гэхэд бүрэн хэмжээний кинотой ойролцоо урттай болсон аж.

Ерөнхий найруулагч Б.Тамир: “Урлаг уран бүтээл улс төрөөс ангид байх ёстой. Киноны нэрний хувьд “Хүн ер нь хаанаас анх үүссэн бэ, тодорхой нэг цэгээс үүссэн”. Тэр цэг буюу зөрлөгтөө буцаад ирнэ. Тэрхүү зөрлөгт залуучуудын амьдрал хэрхэн өрнөж байгааг харуулахыг зорьсон” гэлээ. 

Жүжигчин Б.Барслхагва: “Кино нийт хоёр бүлэг 20 ангитай. Үзэгчдийн хүлээлтээс хамаараад бүлэг нэмэгдэж, цааш үргэлжлэх эсэх нь шийдэгдэнэ.” гэлээ.