СУРВАЛЖИЛГА: Нэг удаагийн хоолны хуванцар сав ашиглан “эко сандал” бүтээжээ

СУРВАЛЖИЛГА: Нэг удаагийн хоолны хуванцар сав ашиглан “эко сандал” бүтээжээ

Нэг удаагийн шөлний хуванцар ногоон сав ашиглан олон удаа туршилт явуулсны эцэст 100 хувь эко хуванцар сандал гаргаж авсан гэрэл гэгээтэй сайхан мэдээллийг бид сурвалжлан энэ удаагийнхаа “Move On” буландаа онцолж байна.

-ЗӨӨЛӨН ХУВАНЦАР БУТЛАХ, ХАЙЛУУЛАХ, ХЭВЭНД ЦУТГАХ МАШИН БҮТЭЭЖЭЭ-

Бидний сурвалжлагын гол зочин Гүрсэдийн Нарантуяа Булган аймгийн Хишиг-Өндөр сумын уугуул иргэн юм. Тэрээр Улаанбаатар хотод их сургуулиа дүүргэж, дараа нь Израйл Улсад магистрын зэрэг хамгаалжээ. Мөн Францад сурч байгаад эх орондоо эргэн ирсэн байна. Түүний гэр бүлийн хүн Байгаль орчны инженер мэргэжилтэй Франц хүн. Сургуулиа төгсөөд тэд Монголдоо амьдрахаар шийдэн ирж байжээ. Тэдний хэн, хэн нь байгаль орчны бохирдолд эмзэглэж явдаг учир нутаг орондоо энэ чиглэлээр хэрэгтэй зүйл хийе гэж ярилцсаны үндсэн дээр хөдөө орон нутгийн сумдуудын хөгжлийг дэмжих зорилготойгоор “Ecosoum” ТББ-ыг одоогоос нэг жил хагасын өмнө байгуулж байжээ.

Ингэхдээ “Хогийг цэгцлэхгүй бол маш хүнд асуудал болчихоод байна” хэмээн санаа зовнихдоо хамгийн түрүүнд “Хогны менежментийн төсөл”-ийг эхлүүлсэн аж. Хогны асуудлыг орон нутагтаа хэрхэн шийдэх вэ гэх асуултад хариулт хайж, улмаар хамгийн их хаягддаг, байгаль орчинд асар их хор хөнөөлтэй хуванцарыг дахин боловсруулах шийдэлд хүрчээ.

Одоо хуванцрыг орон нутагтаа дахин боловсруулах зорилт тавин ажиллаж байна. Ингэхийн тулд хуванцрыг буталж хайлуулан, хэвэнд цутгах зориулалттай “Precious plastic” буюу “Үнэт хуванцар” төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төслийнхөө хүрээнд хаягдал зөөлөн хуванцрыг бутлах, хайлуулах, хэвэнд цутгах машин барьж өөртөө хэрэгтэй хэв гаргаж авах бага оврын машин бүтээжээ. Машин сарын өмнө бэлэн болж ашиглалтад орсон аж.

-НЭГ ЭКО САНДАЛ ХИЙХЭД 86 ШИРХЭГ ШӨЛНИЙ САВ ОРЖЭЭ-

Тус машинаараа одоогоос сарын өмнө шөлний нэг удаагийн хуванцар ногоон савыг буталж хайлуулан эко сандал хийхээр олон удаагийн туршилт явуулсан нь ийнхүү амжилттай болжээ. Тодруулбал, өнгөрөгч наадмын хог хаягдлаас нэг удаагийн шөлний хуванцар сав цуглуулан эко сандал хийсэн байна. Нийт 120 орчим шөлний сав буталж туршилтдаа ашигласнаас 86 ширхэг хоолны сав нэг сандал хийхэд орсон тухай Г.Нарантуяа бидэнд хэлж байлаа. Мөн сандлын хөл хийхэд хаягдал гялгар уутнуудыг ч туршиж үзжээ.

“Ecosoum” ТББ-т сайн дурын үндсэн дээр нэгдсэн залуус ажилладаг. Залуус Хишиг-Өндөр сумын хаягдал хогны бүтцийн судалгаа хийж үзжээ. Судалгааны дүнгээр хөнгөн хуванцар сав хамгийн их хаягддаг болохыг тогтоосон байна. Тухайлбал, ус ундааны сав, гялгар цаас, нэг удаагийн хоолны сав хамгийн элбэг хаягддаг хог. Иймээс цаашид хуванцар ашиглан сандал хийхэд түүхий эд дутагдана, олдохгүй байна гэсэн зовнил байхгүй юм. Хуванцар бүрийн хайлах температур бүрийг нарийн судалжээ. Тухайлбал, шөлний ногоон таваг 230 градуст хайлдаг аж. Хайлуулагч зуухныхаа температурыг тохируулна гэсэн үг. Чадвартай, гар ур дүйтэй хүн хүссэн бүтээгдэхүүнийхээ хэвийг гаргаж авах бүрэн боломжтой юм л даа.

-БИД ХИЙЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭ БИЗНЕС ГЭЖ ХАРДАГГҮЙ. ЦААШИД МАЛЧДАД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛСИЙГ Ч ХИЙХ ТӨЛӨВЛӨГӨӨ БИЙ-

-Эко сандлыг шөлний ногоон сав гэлтгүй өөр хуванцраар хийх боломж бий юу?

-Болно. Энэ удаад шөлний ногоон сав хамгийн их хэмжээгээр олдсон учир сонгосон юм л даа. Нэг удаагийн гялгар уут, шампуны сав гэх мэт зөөлөн хуванцраар сандал хийх бүрэн боломжтой.

-Нэг сандал хийхэд хичнээн хугацаа шаардагдах вэ?

-Бид сүүлийн нэг сар туршилт хийж, нэг сандал гаргаж авсан. Цаашид хоёр хоногт нэг сандал гарах боломжтой. Хөдөө орон нутагт, малчдад хэрэгцээтэй бүтээгдэхүүн хийж үзэх юмсан гэж ярьж байгаа шүү. Тухайлбал, малын тэжээлийн сав, явган хүний зам гэх мэтийг хийхээр төлөвлөж байна.

-Баг бүрэлдэхүүний хувьд хичнээн хүн ажилладаг вэ. Сайн дурын хоёр механик инженер, гадаадын иргэд ажилладаг юм билээ?

-Одоогийн байдлаар бүх ажилчид сайн дурын үндсэн дээр нэгдэн ажиллаж байна. Гурван механик инженер болон сумын агрономичид ажилладаг. Манай ар гэрийнхэн ч ажилладаг юм. /инээв.сурв/ Францын хоёр иргэн болон Английн нэг иргэн хамтран хуванцар боловсруулах машины ажилд гар бие оролцсон.

-Та бүхний бүтээсэн эко сандлыг харсан хүмүүс олноор үйлдвэрлэж зарах уу, хэлбэр хэмжээ хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг хүлээлттэй байгаа нь анзаарагдсан. Энэ тал дээр хариулт өгөхгүй юу?

-Үүнийг бид бизнес гэж огт харахгүй байгаа. Харин байгаль орчны бохирдол, хогтой тэмцэх үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож байна. Цаашид эко сандал хийсэн ч худалдахгүйгээр урамшууллын системээр хүмүүст өгөх, бидний ажлыг дэмжиж хандив өргөсөн хүмүүст бэлгэлэх замаар тараана гэж боддог. Хэлбэр хийцийн хувьд улам илүү сайжруулж, өөрчлөх бодол бий. Цаашид олон туршилт хийж сэтгэлд хүрсэн бүтээгдэхүүнүүд гаргах юмсан гэж зорьж байгаа шүү.

-Лааз няцлагч багаж хийсэн харагдсан. Үүнийг хэн, хэрхэн сэтгэж хийсэн бэ гэдэг сонирхол татлаа?

-Одоогоор лаазыг нийслэл хотод л төвлөрүүлэн авдаг. Хөдөө орон нутгаас хот руу лааз ачихад овор хэмжээ багагүй асуудалд дагуулдаг. Иймд лааз няцлагч багажийг манай сайн дурын гадаад ажилтан Симон сэтгэж хийсэн дээ. Энэхүү багаж нь лаазны овор, хэмжээг тав дахин бууруулж чадсан.

-Хишиг-Өндөр сумын хог хаягдлын бүтцийн судалгаа хийсэн үр дүнгийн талаар товчхон дурдахгүй юу?  

-Бид саяхан анализ хийж дууссан. Хишиг-Өндөр сумаас сайн дураар судалгаанд оролцох өрхүүдийг сонгон авч хаягдал хогийг нь ангилж үзлээ. Цаас, хуванцар, зөөлөн хуванцар, лааз, шил, уут, хүнс гэх мэтчилэн ангилж, нэг бүрчлэн жинлэсэн. Нэг айлаас гарч буй нийт хогны 27 хувийг шил, 14 хувийг хоол хүнсний хаягдал, 8 хувийг уутны хаягдал, 6 хувийг цаас, 9 хувийг ус ундааны сав, 11 хувийг үнсний хаягдал эзэлсэн. Бидний таамагласнаар хуванцар савны хаягдал өндөр гарсан даа. Энэ төрлийн судалгаа хөдөө орон нутагт хийгдэж байгаагүй.

-Хийж буй зүйлсийнхээ талаар хэлэхийг хүссэн зүйл бий юу?

-Хүмүүс бид болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг муу засаг, удирдлагатай холбон үзэж бурууг бусдаас хайдаг шүү дээ. Энэ байдлаа, сэтгэлгээгээ жаахан өөрчлөн өөрсдөөсөө эхэлцгээе. Бид хамгийн түрүүлж хог хаягдлаа ангилаад сурчихъя. Хишиг-Өндөр сумаа хоггүй болгохоор зорьж ажиллаж байна. Үүнд хүн бүрийн оролцоо хэрэгтэй. Манай сумаар зогсохгүй Монгол Улс минь хоггүй болох боломжтой. Хогийг дахин боловсруулж байгаа хүмүүст хог ангилах нь хамгийн хэцүү ажил байдаг. Тиймээс айл өрх бүр хогоо ангилж хаях хэрэгтэй байна. Ангилахгүй хаявал “хог”, ангилж хаявал эргэлтэд оруулах боломжтой “түүхий эд” болно гэсэн үг юм шүү гэдгийг хэлмээр байна.

-ЭХ НУТГАА ҮЗҮҮЛЭХ ГЭЭД ГАДААДЫН ЖУУЛЧДЫГ ДАГУУЛЖ ЯВАХ ҮЕД БАЙГАЛЬД ХАЯСАН ХОГНООС ИЧИЖ НҮҮР УЛАЙХ ТОХИОЛДОЛ БИШГҮЙ ГАРСАН-

Түүнчлэн бид Г.Нарантуяагаас яагаад хогны асуудалд санаа зовниж, энэ чиглэлээр ажиллах болсон талаар нь сонирхож асуухад тэрбээр “Оюутан байхдаа сургалтын төлбөрөө олох гэж зуны улиралд хөтчийн ажил хийдэг байсан юм. Тухайн үед гаднын жуулчдыг дагуулан эх нутгаа танилцуулж сайхан байгалиа үзүүлэх гээд явж байхад хог хаягдал маш их таардаг байв. Тэр үеэс л хогны асуудалд эмзэглэх болсон. Дагуулж яваа хүмүүсээсээ ичиж нүүр улайх тохиолдол бишгүй гарсан. Тэгээд ийм сайхан байгаль орчинд хог хаях асуудлыг яаж болиулах вэ гэж бодох болсон.

Гадаадад сурч боловсорч ирээд энэ тал дээр ажиллаж эхэлж байна даа. Хог хаягдлын асуудал бидний боловсролтой шууд холбоотой. Санаачлагыг гартаа авч өөрчилж эхлэхгүй бол улам л дордоно гэдгийг жил ирэх тутам нүдээрээ үзэж мэдэрч байна. Ямар нэг зүйл хийж эхлэхгүй бол хэн ч хийхгүй гэж бодон ажлаа эхлүүллээ. Манай нөхөр ч надтай адилхан бодолтой явдаг. Хогны асуудлаар эхэлж байгаа боловч цаашид цогц арга хэмжээ авч ажиллах бодол бий” хэмээн хариулсан юм.  




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө