ЦЕГ: Есдүгээр сард замын ачаалал ихсэж,  гэмт хэргийн гаралт нэмэгддэг

ЦЕГ: Есдүгээр сард замын ачаалал ихсэж, гэмт хэргийн гаралт нэмэгддэг

Өнөөдөр “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг жил бүр хэрэгжүүлдэг ажлын хүрээнд НЦГ болон ТЦА нат хамтран мэдээлэл хийлээ. Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ өдрүүдэд эл арга хэмжээний хүрээнд өнгөрсөн долоо хоногт 179 орчим ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудын хяналтын камерыг ажиллагааг шалгаж, 25 зөрчил илрүүлжээ. Мөн архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж байгууллагуудад зөвлөмж өгч, гэмт хэргийн гаралтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр оюутан залууст зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж эхэлсэн байна.

Өнгөрсөн жил хичээлийн шинэ жилийн үеэр найман оюутан эрүүлжүүлэх байрт саатуулагджээ. Ийм тохиолдолд цагдаагийн байгууллагаас сургуулийн захиргаанд мэдэгдэл хүргүүлж байгаа аж. Түүнчлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 175 цахим тоглоомын газарт зөвлөмж өгч ажиллажээ.

-ЕСДҮГЭЭР САРД ОЮУТАН ЗАЛУУС ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДААР ҮЙЛЧЛҮҮЛЖ, ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ, ХОЛБОГДОГЧ БОЛОХ НЬ ИХЭСДЭГ-

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөн:

-“Жил бүр хичээлийн шинэ жил эхлэх үеэр гэмт хэргийн гаралт тоо өсдөг. Ялангуяа есдүгээр сард оюутан залуус баар цэнгээний газруудаар үйлчлүүлэх, гэмт хэрэг зөрчлийн хохирогч, холбогдогч болох тохиолдол бүртгэгдэх, эрүүлжүүлэх асуудал гарч байна. Аж ахуй нэгж байгууллагууд 21 нас хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил илэрсээр байна. Иймд хичээлийн шинэ жил эхлэхэд хяналт шалгалтыг эрчимжүүлнэ. Оюутан залуус архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Тиймээс их дээд сургуулиудын нэгдүгээр курсийн оюутнуудад санамсаргүйгээр гэмт хэргийн холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуул эхэлсэн. Хөдөө орон нутгийн оюутан сурагчид хулгай дээрэмд өртөх тохиолдол их байдаг.

 -ХҮҮХДЭЭ ТОГТСОН ЦАГТ АВААГҮЙ ТОХИОЛДОЛД СУРГУУЛИАС НЬ ХАСАХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВНА-

Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат мэдээлэл өгөхдөө:

-“Өнгөрсөн жил 45 хүүхэд авто ослоор нас барсан. Түүний зургаа нь наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 20-ны хооронд үйлдэгдсэн байдаг. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, хүүхдээ болзошгүй эрсдэлээс хамгаалахыг уриалж байна. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эцэг эхчүүдтэй сургуулиуд гэрээ байгуулах ажил хийгдэж байгаа. Энэ гэрээнд заасны дагуу хүүхдээ тогтсон цагт аваагүй тохиолдолд сургуулиас нь хасах хүртэл арга хэмжээ авна. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдолд сургуулийн захиралтай хариуцлага тооцдог болж байгаа” гэв.