Хүүхдийг тавдугаар анги хүртэл нь эцэг, эх нь сургуульд нь хүргэж өгч, авах ёстой

Хүүхдийг тавдугаар анги хүртэл нь эцэг, эх нь сургуульд нь хүргэж өгч, авах ёстой

Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Э.Бөхбат бага насны хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс хамгаалах чиглэлээр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өдөрт 4-6 хүүхэд зам тээврийн осолд өртөж байна. Өнгөрсөн жил зам тээврийн ослоор 45 хүүхэд нас барсан байдаг. Үүний 4-6 орчим нь наймдугаар сарын 20-оос есдүгээр сарын 20-ны хооронд нас бардаг. Хүүхдийг буруу тээвэрлэх, харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд оролцуулж ганцааранг нь хичээлд нь явуулдаг. Тиймээс нийт эцэг, эх асран хамгаалагч багш нарыг хүүхдийг хамгаалах үйлсэд нэгдээсэй гэж уриалж байна. БСШУСЯ сайдын тушаалаар эцэг, эх асран хамгаалагчтай гэрээ байгуулж байгаа. Энэ гэрээ хэрэгжиж эхэлнэ. Цагдаагийн байгууллагаас хяналт тавьж ажиллана” гэсэн юм.

Хүүхдийг тавдугаар анги төгсөх хүртэл нь эцэг, эх асран хамгаалагчид нь хяналт тавьж, сургуульд нь хүргэж өгч байх ёстой аж. Ингэснээр хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангах боломжтой гэсэн юм. Мөн хувийн сургуулиудад school police хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул сургуулийн удирдлагуудад мэдэгдэл хүргүүлжээ. Цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүд хүүхдэдээ үнэтэй ухаалаг утас авч өгдөг болсноос хүүхэд гэмт хэргийн хохирогч, холбогдогч болох нь нэмэгдэж байгааг анхааруулав.