УИХ дарга асан Д.Лүндээжанцанг Япон улсын төрийн дээд шагналаар шагналаа

УИХ дарга асан Д.Лүндээжанцанг Япон улсын төрийн дээд шагналаар шагналаа

УИХ-ын дарга асан, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцанд Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант Эзэн хааны "Мандах нар" одонгийн тэргүүн зэрэг "Сүр жавхлант тууз" одонг гардуулан ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Монгол, Япон хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрхэм үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан хэмээн үзэж, Монгол Улсын иргэн, Монгол төрийн дархан түшээ Д.Лүндээжанцанд төрийн дээд шагналаа ийнхүү хүртээжээ.

Д.Лүндээжанцан нь 1990 оны Улсын Бага Хурлаас эхлээд завсаргүй 30 жил парламентын гишүүнээр сонгогдож, УИХ-ын дэд дарга, УИХ-ын даргаар ажилласан билээ. Тэрбээр 2000 оноос хойш 20 жилийн турш Монгол-Японы парламентын бүлгийн гишүүнээр ажиллаж, парламентын болоод парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө зүтгэсэн төрийн түшээ юм.

Япон Улсын Засгийн газраас Рэйвагийн гуравдугаар он буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр 2021 оны хаврын одон гардуулах Япон болон гадаад иргэдийн нэрсийн жагсаалтыг зарласан юм.

Шагнал гардуулах ёслолын үеэр Д.Лүндээжанцан “Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Энэ түүхэн ойн босгон дээр Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант Эзэн хааны "Мандах нар" одонгийн тэргүүн зэрэг "Сүр жавхлант тууз" одонгоор шагнаж буйд талархал илэрхийлье. 1990 оноос хойш зах зээлийн шилжилтийн хүнд хэцүү цаг үед Японы Засгийн газар, ард түмний сэтгэлийн хандив тусламжаар боловсрол, эрүүд мэнд, нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуй, байгаль орчин, эрчим хүчний салбарын олон салбарын асуудлыг шийдэж байсан.

Мөн Японд байгалийн аюулт гамшиг нүүрлэхэд Монголын ард түмэн сэтгэлийн дэмжлэгийг үзүүлдэг. Энэ сайхан нөхөрсөг харилцааг хөгжүүлсэн хагас зуун жилийн 30 жилд нь өөрийн хувь нэмрийг оруулсандаа баяртай байна” гэлээ.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө