В.Путин Онцгой байдлын сайдын үүрэг гүйцэтгэгчийг томилжээ

В.Путин Онцгой байдлын сайдын үүрэг гүйцэтгэгчийг томилжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар Онцгой байдлын сайдын үүргийг тус яамны тэргүүн дэд сайд, хурандаа генерал Александр Чуприян түр орлон гүйцэтгэхээр болсон талаар Тасс агентлаг мэдээлжээ.

“Иргэний хамгаалал, онцгой байдал, байгалийн гамшгийн уршгийг арилгах яамны сайдын үүргийг Чуприян Александр Петрович түр орлон гүйцэтгэнэ” гэж баасан гарагт нийтэлсэн зарлигт тэмдэглэсэн байна.

Онцгой байдлын сайд Евгений Зиничев Норильск хотод үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан талаар тус яам есдүгээр сарын 8-ны лхагва гарагт мэдэгдсэн юм. Тэрбээр 55 настай байжээ.

Тийнхүү Онцгой байдлын сайдын үүргийг тэргүүн дэд сайд түр орлон гүйцэтгэхээр болж байна. Хурандаа генерал А.Чуприяны хувьд 2018 оны зургаадугаар сараас хойш энэхүү албыг хашиж буй ажээ.