БАРИМТ: ХСҮТ-ийн ажилчид захирал Н.Эрдэнэхүүгээ шалгуулахаар Эрүүл мэндийн сайд, АТГ-д албан хүсэлт илгээжээ

БАРИМТ: ХСҮТ-ийн ажилчид захирал Н.Эрдэнэхүүгээ шалгуулахаар Эрүүл мэндийн сайд, АТГ-д албан хүсэлт илгээжээ

Хавдар судлалын үндэсний төвийн /ХСҮТ/ Үйлдвэрчний эвлэлийн хорооноос Эрүүл мэндийн яам, Авлигатай тэмцэх газарт захирал Н.Эрдэнэхүүгээ шалгаж өгөх хүсэлтийг хүргүүлсэн байна. Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хандан Н.Эрдэнэхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж өгөхийг хүсчээ.

Тодруулбал, ХСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх ашиг, ноцтойгоор зөрчигдөж, одоогийн түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүүг байгууллага удирдах чадамжгүй мөн тус эмнэлгийн зай талбайг хувийн хэвшлийн байгууллагад түрээсэлж мөнгө олдог, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа тул шалгаж өгнө үү хэмээн хүсэлт өгч гарын үсгийг хавсаргажээ.

Түүнийг шалгах хэд, хэдэн үндэслэл бий аж.

Үүнд: 

  • ХСҮТ-ийн ажилчид болон иргэдэд үйлчилдэг байсан хоолны газрыг түрээсэлж CU сүлжээ дэлгүүрийг оруулсан. Шилэн дансны мэдээлэлд эдгээр нь тусгагдаагүй ба сонгон шалгаруулалт зарласан эсэхийг шалгах шаардлагатай.
  • ХСҮТ-ийн зүүн жигүүрт байрлах Люксмед компанийн охин компани болон Медпортал эмнэлэгт /Одоогийн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ажилладаг байсан/ түрээслээд дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд ашиг болон түрээсийн төлбөр, тог цахилгааны болон усны мөнгө төлөөгүй. Шилэн дансанд тусгагдаагүйг шалгаж өгнө үү.
  • ХСҮТ-ийн гадна зогсоолыг төлбөртэй болгосон. Гэтэл тус зогсоолыг хийсэн компани нь 2020 оны нэгдүгээр сараас хойш гадна зогсоолын мөнгө огт төлөөгүй тул тус компанитай түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүүг ашиг сонирхлоор холбогдсон зөрчил байгаа гэж байгаа тул шалгаж өгнө үү.
  • ХСҮТ бүхий л засвар үйлчилгээг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн найз Аюурын Мягмарсүрэнгийн /эхнэр Цэсбалжирын Энхсаруул нь тус төвийн аж ахуй хариуцсан дарга/ хамаарал бүхий компани гүйцэтгэдэг тул шалгаж өгнө үү.
  • ХСҮТ-ийн ажилчдын 24/3 байранд хүний нөөцийн албаны дарга Д.Мөнхтуяа нь 51, 52, 53 тоот болон нэг давхрын үйлчилгээний зориулалттай байр нийт 4 байрыг албан тушаалаа урвуулан ашиглан авсан тул шалгаж өгнө үү гэжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар ХСҮТ-ийн ажилчид өнгөрсөн нэгдүгээр сараас уг асуудлаар холбогдох байгууллагуудад хандаж буй аж.