ТОВЧ ТОЙМ: Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд оруулах саналын 80 хувь нь дэмжигдсэнгүй

ТОВЧ ТОЙМ: Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд оруулах саналын 80 хувь нь дэмжигдсэнгүй

Даваа гаригт эхэлж өчигдөр хэлэлцэж дуусгахаар төлөвлөсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдахь хэлэлцүүлэг хойшилсоор байна. Гишүүдийн ирц бүрдэхгүйгээс шалтгаалан хоёр өдрийг алдан байж өнгөрсөн лхагва гаригт эхэлсэн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг түүн дотроо 150 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, санал бүр дээр гишүүд үг хэлж, саналаа илэрхийлж байна.

Гишүүдийн ирц арай хийн бүрдэж чуулганы хуралдааныг эхлүүлсэн ч гишүүдийн кноп эвдэрч техникийн саатал гарсан. Техникийн саатлыг УИХ-ын дарга Г.Занданшатар хорлон сүйтгэх ажиллагаа хэмжээн дүгнэж, гишүүд дор бүрнээ бухимдан янз бүрийн хардлагыг хэлж байв. Ингээд техникийн саатлаас үүдэн лхагва гаригийг хийдүүлэв. Үүний дараа буюу пүрэв гаригт Үндсэн хуульд тусгагдсан намын үйл ажиллагаатай холбоотой заалтуудыг хэлэлцэж шийдвэр гаргасан бол баасан гаригт улсын төсөв, санхүүтэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлэг өрнөсөн хоёр өдрийн чуулганы хуралдаан ч мөн ирц бүрдэхгүйгээс үүдэн товлосноос хэдэн цагаар хойшилж эхэлж байв. Эцэст нь эрх баригч нам гишүүдээ сүрдүүлж хуралд нь суулгаж Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг бушуу туулай борвиндоо баастайн үлгэрээр яаран сандран замбараагүй хэлэлцэж байна. 150 гаруй орчим саналаар гишүүн бүр үг хэлбэл хоёроос гурван сар шаардагдах учраас МАН гишүүдээ чуулганы хуралдаанд санал хэлэхгүй байхыг, үүрэгдсэн гэж буй. Тиймээс гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр үг хэлж, хугацаа алдахгүйгээр шуудхан батлахаар тохирчээ. Ямартай ч хоёрдахь хэлэлцүүлэг хийгдэж эхэлсэн. Хэрвээ хоёрдахь хэлэлцүүлгийг хийж дуусвал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг үндсэндээ хэлэлцэж ДУУССАН гэсэн үг юм. Үүний дараа ард түмний санал асуулгыг авч, гуравдугаар хэлэлцүүлгийг хийснээр Үндсэн хуулийг өөрчлөх их ажил шувтарч байна. Тэгэхээр хамгийн их цаг хугацаа, ажиллагаа шаардсан үе нь хоёрдугаар хэлэлцүүлэг юм.

ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛЬ САНАЛУУД ДЭМЖИГДЭВ

Энэ долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүдийн олонх нь МАН-ын бүлгийн 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн анхны хувилбарыг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараар ахлуулсан зөвшилцлийн ажлын хэсэг танигдахын аргагүй болтол нь өөрчилсөн байна.

Анхны хувилбарт тусгагдсан заалтуудыг засаж Ерөнхийлөгч оронд нь саналаа оруулсан байна. Бид ер нь Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцээд байгаа юм уу, МАН-ын бүлгийн 62 гишүүний өргөн барьсан хувилбарыг хэлэлцээд байгаа юм уу гэх зэргээр уурлаж бухимдсан. Харин үүнд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд албан ёсны мэдээлэл өгсөн билээ. Түүний хэлж буйгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналуудын 20 хувийг нь оруулахаар дэмжсэн байна. Харин үлдсэн 80 хувийг оруулаагүй аж.

Тухайлбал,

  1. УИХ-ын гишүүдийн тоог нэмж 99 болгох
  2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь төрийн нийтийн өмч мөн гэх заалт
  3. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг таван жил болгох
  4. Шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ажиллана.
  5. Шүүхийн сахилгын хороо хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд саналаа томилсон эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх бөгөөд бусад шийтгэл ногдуулах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө гаргана. /дээрх хоёр саналыг нэгтгэж нэг санал болгосон/ зэрэг саналууд тусгагджээ.

Харин хоттой холбоотой бусад саналууд бүгд хасагджээ. Мөн сонгуулийн хувилбарыг холимог болгох, бүх намыг нэг гараанаас эхлүүлж улс орон даяар үйл ажиллагаа явуулдаг болгох зэрэг санал дэмжигдэлгүй унажээ. Харин МАН-ын 62 гишүүний өргөн барьсан хувилбарын 80 гаруй хувь нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулж хэлэлцэхээр болжээ. Тэдний өргөн барьсан саналаас Ерөнхий шүүгчтэй холбоотой заалтууд хасагдаж Ерөнхийлөгчийн өргөн барьсан хувилбараар явахаар болсон байна. Харин АН-аас ирүүлсэн 25 саналаас 17 нь хүлээн авч хэлэлцэхээр болсон. Тодруулбал, УИХ-ын гишүүнтэй хариуцлага тооцож эргүүлэн татдаг болох зэрэг АН-ын гаргасан саналыг хүлээн авна гэдгээ МАН-аас мэдэгдсэн билээ.




Өнөөдөр хулгана өдөр

58 минутын өмнө