ТЭМДЭГЛЭЛ: ХААИС –ийн оюутан С.Чулуунцэцэг Өмнөговийн Гурван сайхан ууланд Халиун бугыг нутагшуулж байна

ТЭМДЭГЛЭЛ: ХААИС –ийн оюутан С.Чулуунцэцэг Өмнөговийн Гурван сайхан ууланд Халиун бугыг нутагшуулж байна

Өмнөговь аймгийн Булган сумын Баруун сайхан ууланд халиун бугын 10 илий хүний анхаарал халамж дүүрэн орчинд өсөн торниж буй. Тэдний “өрлөг эх”-ийг С.Чулуунцэцэг гэдэг бөгөөд ХААИС-д байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр суралцдаг түүний мөрөөдөл нь байгаль хамгаалагч болох.

Тиймээс ч илий өсгөх амаргүй ажлыг гурван сар гаруйн хугацаанд тасралтгүй гүйцэтгэж өдгөө ижил дасал болсон өхөөрдөм илийнүүдээсээ салж ядан хичээлдээ явах хугацаагаа хойшлуулсаар байгаа гэнэ.

-ХАНГАЙН СҮРЛЭГ ХАЛИУН БУГЫН БЯЦХАН ҮР ТӨЛИЙГ ӨМНИЙН ЦЭНХЭР ГОВЬД НУТАГШУУЛАХАД АНХААРАЛ ХАЛАМЖ ХАМГИЙН ЧУХАЛ-

Уг 10 илийг Хустайн нуруунаас барьж авсан бөгөөд тэдний долоо нь ам, хүйс, туурайн салаандаа өттэй ирсэн гэнэ. Угаас халиун буга бусад амьтантай харьцуулахад байгалийн сорилт шалгуурыг даван туулах чадвар муутай. Тухайн жил төрсөн үр төлийнх нь 40 хүртэлх хувь нь л өсөж том болдог аж.

Мөн тэдний эд эрхтэнийг үнэд хүргэж худалдах зорилготой хүмүүсийн гарт олноороо үргэдэж тоо толгой нь эрс цөөрсөн байна. Монгол оронд 1980 оны үед 140 мянган халиун бугатай  байсан бол 2017 онд 10 мянга гэж тогтоожээ. Нийт 37 жилийн хугацаанд 14 дахин цөөрсөн эл амьтныг 2001 онд Засгийн газрын тогтоолоор “Ховор амьтаны жагсаалт”-д оруулсан бөгөөд тэр цагаас хойш тоо толгойг нь өсгөх, амьдрах орчныг нь сайжруулах ажлыг эрчимтэй хийх болжээ.

Говь гурвансайханд халиун буга нутагшуулах ажлыг байгаль орчны мэргэжлийн байгууллага болох “Авралын эрэлд” компани хариуцаж, 50 гаруй жил буга судласан судлаач төслийг удирдан, өмнийн говиос өөрийн гарын шавиар С.Чулуунцэцэгийг сонгосон байна.

Төслийн хүрээнд зургаадугаар сард С.Чулуунцэцэг судлаачийн хамт Хустайн нуруунд очин 5 эр, 5 эм илийг барьж аван, эмчилж нялхад нь өдөрт 4 цагийн зайтай 5 удаа үхрийн түүхий сүүгээр угждаг байжээ. Гэхдээ тэднийг анх барьж аваад сүүнд оруулах маш хүнд ажил байсан гэнэ.

Тэрээр ярихдаа “Халиун буга өөртэй нь хүн яаж харьцана яг тэгж харьцдаг. Хамгийн гол нь зөөлхөн харьцаж сүүнд оруулах хэрэгтэй. Бас их зөрүүд тийм учраас эв, тэвчээр зэрэг шаарддаг. Тэжээхэд хүндрэлтэй зүйл байсан гэхдээ тэвчээртэй байж чадвал үнэхээр сайхан ажил. Гаршуулж тэжээж байгаа хүндээ маш их дасдаг дуу хоолой, үнэрийг бол сайн таньдаг юм. Жаахан байхдаа олон хүн харахаар сүүгээ уухгүй, нүд нь сортолзоод их айдаг байсан. Намайг дэргэд нь байхаар арай л  тайван харагддаг гэж төслийн багийхан хэлдэг юм. Одоо бол айсан үедээ надаас салахгүй дагаад л байдаг. Учир нь би эдэндээ бараг л ээж нь гэсэн үг шүү дээ.

Илийнүүд маань анх хэмжихэд 8-16 кг байсан бол одоо 45-50 кг болж сэрвээний өндөр нь 70-80 см байсан нь 120-130 см болтлоо өссөн. Өмнө бол сүүнд оруулах хүндрэлтэй зүйлийн нэг байсан. Харин одоо сүүнээс гаргах хүндрэлтэй санагдаж байна. Сүүг нь багасгах тусам сүүгээрээ өлсөөд байгаа юм шиг санагдаад хэцүү байна. Өвсөнд ороод том болж байгаа ч миний хувьд бол жаахан хэвээрээ л байгаа. Би бүгдэд нь нэр өгсөн. Хүннү, Зузу, Хур, Согооноо, Янзага, Хөөрхөнөө, Хонгороо, Бүргэд, Цүндээк, 5жи гэж дууддаг юм. Бүгд нэрээ мэднэ. Хичээл орсон ч ойр ойрхон эргэж тойрч ирж байна гэж бодож байгаа. Говьд анх нутагшиж байгаа нялх амьтдад анхаарал халамж л хамгийн их хэрэгтэй” гэв.