Дорнод аймагт гарсан хэргийн бичлэгийг ил болгосон Э.Одбаярт МАН-ын гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэжээ

Дорнод аймагт гарсан хэргийн бичлэгийг ил болгосон Э.Одбаярт МАН-ын гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэжээ

Өнгөрөгч долдугаар сарын 21-ны шөнө 03:00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн суманд олон хүнийг хамарсан зодоон болох үеэр автомашинаар бусдыг дайрч, гэмтээсэн хэрэг гарсан. Тус хэрэгт Дорнод аймгийн ИТХ-ийн төлөөлөгч Б-ийн хүү Д сэжигтнээр тооцогдон шалгагдаж буй.

Тэгвэл тус мэдээллийг олон нийтэд дэлгэсэн иргэдийн нэг болох Э.Одбаярт эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт бусдыг автомашинаар дайрч байгаа бичлэгийг Э.Одбаяр олон нийтэд ил болгосон өдөр/2021.07.31/-өө гэрээсээ баривчлагдсан байдаг.

Э.Одбаяр

Учир нь МАН-ын гомдлоор Эрүүгийн цагдаагийн албанаас Э.Одбаярт хойшлуулшгүй ажиллагаа явуулан баривчилж, түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах саналтай прокурорт шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээлжээ.

Э.Одбаярын хувьд түүнийг хууль бусаар баривчилж, эрх зүйн туслалцаа өмгөөлөгч авах боломжийг хязгаарласан, Эрүүгийн цагдаагийн албаны эрх бүхий албан тушаалтан өрөөндөө оруулж нөхцөл санал тавьж дарамталсан, эх сурвалжаа илчлэхийг шаардаж шахсан, бичлэгээ устгахыг ятгаж, шаардаж, дарамталсан зэрэг асуудлаар Улсын ерөнхий прокурор, ЦЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Хүний эрхийн үндэсний комисс, Хүний эрх хамгаалагчийн хороонд тус тус өргөдөл гомдол гаргаад байгаа ажээ.