ВИДЕО: Дарга нар биднийг архичин гэж дуудаж байна. Гэхдээ энэ бол зөвхөн та нарын бодол шүү

ВИДЕО: Дарга нар биднийг архичин гэж дуудаж байна. Гэхдээ энэ бол зөвхөн та нарын бодол шүү

Өнөөдөр /2021.09.13/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болсон юм.

Энэ үеэр Монголын Ажилчдын холбооны нэгдсэн төвийн захирал Н.Ганзориг, Бүтээн байгуулалтыг нуруундаа үүрдэг хүмүүс нь шавар, шохой зуурдаг ажилчид байдаг юм. Аливаа байгууллагын амьд зүйл нь ажилчин. Сүүлийн 30 жил гэж хүмүүс ярих дуртай. 30-аа больё сүүлийн 10 жил ажилчин ангиа орхисон. Хөгжил дэвшлийг илэрхийлдэг өндөр барилгыг барьж босгодог ажилчин залуусаа мартсан. Барилгын салбарт асуудал их гарч байна. Барилга дээр ажиллаж байгаад нас барж, хөдөлмөрийн хөлсөө шулуулж байна. Ажил хийчихээд цалингаа нэхэхээр бидэн рүү цагдаа явуулдаг. Барилгын компанийн захирлууд дээр очоод цалин, хөлсөө нэхэхээр хамгаалагч нарт нь зодуулдаг.

Бидэнд өртэй хэр нь хүн дарамталсан гээд шүүхээр асуудлаа шийдүүлдэг. Бид цалингаа авч чадаагүй хэр нь хөдөлмөрийн хөлсөө нэхсэнийхээ төлөө цагдаа шүүх дээр 200 мянгаас хоёр сая төгрөгөөр торгуулдаг.

Бүтээн байгуулалт хийнэ гээд яриад байдаг хэр нь үүнийг нь хийх ажилчин алга. Хийж чаддаг залуучууд нь цалингаа бодоод Япон, Солонгос руу гаргаад явчихлаа. Юм хийж сурах гээд зүтгэж байгаа залуучууддаа тусламж үзүүлээч ээ төр засаг минь. Бид муу нэртэй. Дарга нар биднийг нийтээр нь архичин гэж дуудаж байна. Энэ дунд архи уудаггүй хүмүүс байна. Монголчууд бүгд архинд живчихээгүй, энэ бол зөвхөн та нарын бодол шүү. Биднийг бүгдийг нь ажилгүй, архичин, хулгайч гэж дуудаж байна. Төр засаг, бизнес эрхлэгчид нь ингэж дуудаж байхад бид хаана очиж, хэнд итгэх вэ. Аль болох л хилийн дээс алхахыг бодож байна.

Монгол Улсын бүтээн байгуулалтыг дундын зуучлал буюу тендер цохьдог намын сэтэр зүүсэн залуучууд хойш татаж байна. Бүх тендерийг тэд авдаг. Тендер авдаг хэр нь ажилчин байхгүй. Орон нутагт баригдсан сургууль, цэцэрлэгийн барилга нь гурван баллын газар хөдлөлтийг дийлэхгүй нураад унаж байна. Тэр барилгад ганц арматур хийх сэтгэлгүй ажил орлогчид байна шүү дээ.  Тиймээс төрийн өндөрлөгүүд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа бидэнтэй ч бас уулзаж, бэрхшээл, санал бодлыг маань сонсож байгаач гэж хүсэх байна" гэсэн юм.