Д.Бауыржан: Шөнийн хөл, хорио тогтоосноор өдөрт илрэх халдварын тохиолдол 500-аас 25 хүртлээ буурсан

Д.Бауыржан: Шөнийн хөл, хорио тогтоосноор өдөрт илрэх халдварын тохиолдол 500-аас 25 хүртлээ буурсан

Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс шөнийн хатуу хөл, хорио тогтоох саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Тодруулбал, шөнийн 22.00 цагаас эхлэн хатуу хөл, хорио тогтоож үйлчилгээ, цэнгээний газруудыг хаах ёстой гэж үзэж буй юм. 

Тэгвэл шөнийн хөл хорио тогтоож халдварыг хумьсан Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржан туршлагаа хуваалцжээ. Тус аймагт халдварын тохиолдол нэмэгдэж өнгөрсөн наймдугаар сарын 15-25-ны хооронд оройны 19 цагаас өглөөний 07 цаг хүртэл хөл хорьсон юм.

Тэрбээр "Наймдугаар сарын эхээр өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 500-д хүрсэн. Тиймээс ХӨСҮТ-д хандаж, зөвлөгөө авч шөнөөр хөл хорих шийдвэр гаргасан. Манайх 19 цагаас өглөөний 07 цаг хүртэл хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан. Мөн гаднаас хүн авахгүй, аймаг, хот руу гарахыг зөвшөөрсөн. 22 цаг хүртэл ШТС, эмнэлэг, хүнсний дэлгүүр ажилласан. Энэ хугацаанд төрийн албан хаагчдыг 30 хувиар ажлуулсан. Хөл хорихоос өмнө эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, орны хүрэлцээ тааруу байсан. Манай аймаг үндсэндээ 380 ор дэлгэсэн. Тэгсэн ч тухайн үед хүндэрсэн хүн их байсан учраас эмнэлэг ачаалал их байсан.

Наймдугаар сарын 25-наас хойш өдөрт 120, 180, 80, 50 гэх мэт тохиолдлууд илэрч байна. Өчигдөр гэхэд манай аймагт 25 тохиолдол илэрч, гурван хүн хүнд байна" гэжээ.