Британийн ГХХНХЯ-ны Төрийн сайд Н.Адамс англи хэлний сургалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа мэдэгдлээ

Британийн ГХХНХЯ-ны Төрийн сайд Н.Адамс англи хэлний сургалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа мэдэгдлээ

Өчигдөр /2021.09.13/ Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Азийн асуудал хариуцсан Төрийн сайд Н.Адамстай Лондон хотод уулзалт хийж хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцжээ.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол-Британийн харилцаа нь Монгол Улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэг болохыг тэмдэглэж, хоёр талын худалдаа болон Британийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсролын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн дэд сайд Б.Мөнхжин уур амьсгалын өөрчлөлт, кибер аюулгүй байдал зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй зарим асуудлуудаар санал солилцов.

Британийн ГХХНХЯ-ны Төрийн сайд Н.Адамс хоёр талын харилцааг бэхжүүлэх, улам өргөжүүлэн хөгжүүлэх британийн талын сонирхлыг нотолж, цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжуудыг судлах, боловсролын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, англи хэлний сургалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа  мэдэгдэв.

Энэхүү уулзалт нь КОВИД-19 цар тахлын улмаас 2 жил орчим хугацаанд тасраад байсан хоёр талын Гадаад харилцааны яамдын удирдлагын түвшний анхны биечилсэн уулзалт болов.

Эх сурвалж: ГХЯ