Зургаан хүүхэдтэй хос Ковид-19-ийн улмаас долоон хоногийн зайтай нас баржээ

Зургаан хүүхэдтэй хос Ковид-19-ийн улмаас долоон хоногийн зайтай нас баржээ

Даниел, Дэви Макиас нар 18 сарын турш Ковид-19-ийн халдвараас тун болгоомжилж иржээ. Тэд эд материалын гадаргууг арчиж, ажил тарсны дараа шүршүүрт тогтмол орж, хүнсний бүтээгдэхүүнээ хүртэл хүргэлтээр авч байсан ч эдгээр нь тэднийг халдвар авахаас сэргийлж чадаагүй байна. Харамсалтай нь залуу хос ердөө долоон хоногийн зайтай COVID-19-өөр нас баржээ.

Эхнэр Дэви Макиас нь сувилагч бөгөөд нас барахынхаа өмнө зургаа дахь хүүхдээ төрүүлсэн байна. Халдварын улмаас түүний биеийн байдал сайнгүй байсан тул эмч нар кесар хагалгаа хийж, охиныг нь эсэн мэнд эх барин авчээ. Гэвч Дэви охинтойгоо ч уулзаж амжилгүй хорвоог орхисон байна.  Зургаа дахь хүүхэд нь төрөх үед нөхөр Даниел мөн л халдвар авч, эмчлүүлж байсан аж.

Охин нь төрсний дараа сувилагч зургийг нь харуулсан бөгөөд тухайн үед Даниел маш их уйлж байсан гэнэ. Гэвч баярт мэдээтэй зэрэгцэн хайрт эхнэрээ алдсан гэх мэдээг Даниел сонсох нь тэр. 

Эмгэнэлт явдал үүгээр дууссангүй. Энэ явдлаас долоон хоногийн дараа Даниел коронавирусийн хүндрэлээр нас баржээ. Залуу хос шинээр мэндэлсэн хүүхэддээ нэр ч өгч амжаагүй байна. Одоо тэдний таван хүүхдийг Даниелын ээж болох Терри Макиас асран хамгаалж байгаа бол саяхан төрсөн нярай нь эмнэлэгт байгаа аж.

Терри Макиас CNN-д ярилцлага өгөхдөө “Хүү, бэр хоёр маань вакцин хийлгээгүй байсан. Гэхдээ хийлгэхийг хүсээгүйдээ биш. Вакцин хийлгэээр төлөвлөсөн байсан ч ийм зүйл болчихлоо” гэжээ.

Эх сурвалж: CNN