Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын дунд "хэцүү" гэсэн нэр зүүхгүйгээр Оюу толгойн асуудлыг зохицуулахыг эрмэлзэж байна

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын дунд "хэцүү" гэсэн нэр зүүхгүйгээр Оюу толгойн асуудлыг зохицуулахыг эрмэлзэж байна

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллараар хэтэрсэн шалтгааныг судалж буй шинжээчдийн бүлэг “Рио Тинто компанийн буруу менежментээс үүдэлтэй” гэсэн дүгнэлтээ өнгөрсөн сард танилцуулсан билээ. Тэгвэл үүнтэй холбоотой нийтлэл “Financial times” сонинд гарсан байна. Нийтлэлд өгүүлснээр

“Монголын талаас “Рио Тинто” компанид тулгараад буй асуудлуудыг ил тод мэдээлэх, зохицуулахад шахалт үзүүлэхийг эрмэлзэж буй. Тэгвэл Монголын сайд төлөөлөгчид Их Британийн Засгийн газартай уурхайн асуудлыг хэлэлцэхээр Лондон хотноо хүрэлцэн ирээд байна.

“Рио Тинто” компанийн зүгээс уурхайн бүтээн байгуулалтын зардал 1,45 тэрбум ам.доллараар хэтэрснийг “газрын хөрсний болон геотехникийн нөхцөл байдал урьдчиан тооцоолсноос хүнд байсантай холбон тайлбарласан юм. Харин хөндлөнгийн шинжээчид гол шалтгаан нь дээр дурдсанчлан төслийн буруу менежменттэй холбон дүгнэлтээ гаргасан.

Лондонд Гадаад хэргийн дэд сайд Б.Мөнхжингийн хамт айлчилж буй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгын хэлснээр, хөндлөнгийн дүгнэлтийг “Rio Tinto”-гоос өдийг хүртэл өгч байсан тайлбартай харьцуулж үзэхэд нэлээд ялгаатай байжээ. Тэрбээр “Монголд ийм том хэмжээний төсөл хэрэгжүүлэхэд төвөгтэй гэдгийг бид ойлгож байгаа. Тиймээс хоёр чухам ямар шалтгаанаар бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэнийг ярилцаж, шударга хэлэлцээ хийх шаардлагатай байна” гэв.

Мөн талууд “харилцан итгэлцэх, бие биенээ хүндэтгэх зарчимд тулгуурласан бат бэх харилцааг бий болгох” хэрэгтэй байгааг онцолж байна. 

Өөр нэг асуудал нь Торонтод төвтэй “Turquoise Hill Resources” компанийн АНУ-ын хөрөнгө оруулагчид нэхэмжлэл гаргаад буй. Уг нэхэмжлэлтэй холбоотой шийдвэр ойрын хугацаанд гарч магадгүй байна/Оюу толгойн 66 хувийг эзэмшдэг тус компанийн 50.79 хувийг “Rio Tinto” эзэмшдэг юм/. Тиймээс Монголын эрх баригчид Оюу толгойтой холбоотой бусад асуудлын шийдвэрлэгдэх хугацааг ч мөн тооцоолох хэрэгтэй болж байна. 

Үүнээс гадна “Rio Tinto” Монголын уурхайтай холбоотой асуудлуудын талаар зах зээлд цаг тухайд нь, үнэн зөв мэдээлж байсан эсэхийг тогтоох ажиллагаа үргэлжилж байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм. Эдгээр асуудал нь компани, Засгийн газрын хоорондын хэлэлцээний тэнцвэрт байдал хийгээд санал болгож, шаардаж болзошгүй нөхөн төлбөрийн хэмжээнд нөлөөлж болзошгүй байна. 

Гэхдээ Монголын Засгийн газар нь гадаадын хөрөнгө оруулагчдын дунд “хэцүү” гэсэн нэр зүүхгүйгээр “Rio Tinto”-той Оюу толгойн асуудлуудыг зохицуулахыг эрмэлзэж байна.

Эх сурвалж: Financial Review