Н.Сугар: Иргэн Г.Хажидмаа газар ашиглах биш, "20 хүний 0.07 газар өмчилж авна" гэж өөрийнхөө иргэний үнэмлэхийг өгсөн

Н.Сугар: Иргэн Г.Хажидмаа газар ашиглах биш, "20 хүний 0.07 газар өмчилж авна" гэж өөрийнхөө иргэний үнэмлэхийг өгсөн

Нийслэлийн Газар зохион байгуулалтын газар иргэний өргөдөл гомдолд хариу өгөхгүй байгаа учир иргэн Г.Хажидмаа хотын захиргааны гадна суулт зарлаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Тодруулбал, 2017 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдэд Сонгинохайрхан дүүрэгт байх Гүнтийн ойролцоох нийслэлийн өмчийн газарт ногоо тарих зөвшөөрөл олгож, тус газарт эмзэг бүлгийн иргэд тэнд хүнсний ногоо тариалж амжиргаандаа нэмэр болдог байсан аж. Харин энэ жил тус газарт хүнсний ногоо тариалах зөвшөөрлийг нийслэлийн удирдлагууд дээрх иргэдэд олгоогүй учир холбогдох албан тушаалтнуудад хандан гомдол гаргажээ. Гэвч өнөөдрийг хүртэл хариу өгч, арга хэмжээ аваагүй байна.

Энэ талаар иргэн Г.Хажидмаа, “Хөгжлийн бэршээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн бүлэг гэж байдаг. Манай бүлэг 2017 оноос хойш Нийслэлийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран нийслэлийн өмчийн газарт ногоо тарьж байсан. Иргэд өөрсдөө ногоо тарьж, түүнийгээ борлуулдаг. Гэтэл энэ жил хотын дарга Д.Сумъяабазар энэ ажлыг хийлгээгүй. Бидний ногоо тарьдаг газар энэ жил хоосон өнжсөн. Хоосон өнжүүлж байхаар биднээр ногоо тариулаач гэдэг хүсэлт тавиад барсангүй” гэсэн юм.

Тэгвэл Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар  “Иргэн Г.Хажидмаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамт ногоо тарих 10 га газар хүсчээ. Хотын дарга үүрэг өгөөд Нийслэлийн өмчийн газрыг ашиглуулахаар болов. Гэвч өнөөдөр ашиглах биш 20 хүний 0.07 газар өмчилж авна гэв. Ямар ч хүсэлт өгөөгүй. Одоо суулт зарлана гэнэ. 20 иргэнд 10 га газар хүссэн өргөдөлдөө ганцхан өөрийнхөө иргэний үнэмлэхийг өгсөн байгааг ч бас гайхаад л байгаа” хэмээн мэдэгджээ.